Чацархайг эрхтний ангилалд оруулжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
dorjkhand@montsame.mn
2017-01-05 16:00:34

ЛОНДОН. /Sputnik/. Хүний бие бидний төсөөлж байснаас нэгээр илүү эрхтэнтэй болохыг Ирландын Лимерикийн их сургуулийн харьяа эмнэлгийн судлаачдын саяхан хийсэн судалгаа харууллаа.

Энэ шинэ эрхтэн бол эд эс гэгддэг байсан чацархай /mesentery/ юм. Чацархайг эрхтний ангилалд оруулсан нь хэвлий болон хоол боловсруулах эрхтний өвчнүүдийг эмчлэхэд томоохон дэвшил боллоо гэж эрдэмтэд үзэж байна.

“Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд урьд нь тархмал эд гэгддэг байсан чацархайг “үргэлжилсэн цул эрхтэн” гэж үзэж, эрхтний ангилалд оруулжээ.

Леонардо да Винчи 500 гаруй жилийн өмнө чацархайг “эрхтэн” гэж тодорхойлж байсан боловч анагаах ухааны салбарынхан үүнийг үгүйсгэсээр ирсэн байна.

Анагаах ухааны нэвтэрхий толь гэгддэг “Gray’s Anatomy”-д чацархайг эрхтэн гэж шинээр бүртгэжээ.

Хүн 78 эрхтэнтэй гэж үздэг байсан бол чацархайг оруулаад 79 эрхтэнтэй болж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ