2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-15 18:27:25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Энэ оны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,2 их наяд, зарлагын дээд хэмжээг 7,6 их наяд төгрөг байхаар баталсан. Гэвч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал хүндэрч, 2015 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлт буурсан. Тиймээс “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай” хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болсон. 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нийт орлогын хэмжээг 6.1 их наяд, нийт зарлагыг 7.3 их наяд байхаар боловсруулсан хэмээн Сангийн сайд Б.Болор хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн А.Тлейхан, Энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдэлд оруулсан зарим зорилтууд биелэх боломжгүй байна. Төсөв байнга алдагдалтай батлагдахаар төсөөлсөн байна. 2016, 2017 онд төсвөө алдагдалгүй батлах боломж байхгүй юу. Монгол Улсад оруулах гадаадын хөрөнгө оруулалт буурсан энэ үед эдийн засгаа хэрхэн өсгөх вэ. Хөрөнгө оруулалт татах боломж бий юу хэмээн тодруулсан.

Уг асуултад Сангийн сайд Б.Болор, Монгол Улсын эдийн засгийн өсөлт бидний тооцоолсноос буурч байгаа. Гэдээ энэ жил 3.1 хувийн өсөлттэй байна гэсэн бодит тооцоолол бий. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 3.6 хувьтай байна гэсэн судалгаа гаргасан. Бид энэхүү судалгаагтай өөрсдийн төсвийн хүрээний мэдэгдлээ тулгаж үзсэн. Өнгөрсөн хугацаанд төсвөө дандаа алдагдалтай баталж ирсэн. Тиймээс энэ жил төсвийг алдагдалгүй батлах боломжгүй. Ирэх оны төсвийг алдагдалгүй батлах бүхий л боломжийг судлах болно” гэсэн хариулт өглөө.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх олон төсөл, хөтөлбөр санаачилсан. Гэхдээ нэг ч төслөө хэрэгжүүлж чадаагүй. Мөн 2016 оны төсвийг маш өөдрөгөөр төсөөлж, орлогыг хэт өндөр тавьсан байна. Хэрэв энэ хэвээр нь батлах юм бол ирэх онд хэдэн ч удаа төсвийн тодотгол хийх магадлалтай болоод байна. Хэрэв төсвийн тодотгол хийх шаардлага үүсвэл Сангийн сайд энэ өөдрөг төсөөлөлдөө хариуцлаг хүлээж чадах уу хэмээн асуулаа.

Сангийн сайд Б.Болор, Бид төсвөө эрүүлжүүлж чадвал эдийн засгийн үр нөлөө сайжирна. 2016 оны төсвийг 0.3 хувь алдагдалтай байхаар тооцсон. 2017 оноос төсвөө алдагдалгүй батлах боломжтой гэж үзэж байгаа. Засгийн газар боловсруулсан төсөв, тооцоололдо итгэлтэй байгаа. 2009 оноос хойш төсвийн алдагдлыг бууруулахын тулд дандаа бонд гаргаж байсан. Одооноос үүнийг зогсоох болно” хэмээн хариуллаа.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, “Стендбай хөтөлбөрт хамрагдах уу” хэмээн тодруулахад Сангийн сайд, “Одоогоор уг хөтөлбөрт хамрагдах талаар шийдвэр гараагүй. Гэхдээ Олон улсын валютын сантай хамтран ажиллах гэрээ хэлцэл, санал дүгнэлтийг судлах болно” гэлээ.

2015 онд төсвийн орлого ойролцоогоор 1 их наяд төгрөгөөр тасарна гэсэн судалгаа гарсан. Үүнийг хэрхэн нөхөх талаар Н.Энхболд гишүүн асуув. Уг асуултад Сангийн сайд Б.Болор, Сүүлийн хэдэн жил төсөв дандаа буруу баталж байсан. Төсвийн алдагдал болон мөнгөн хөрөнгийн дутагдал бол хоёр өөр асуудал. Ирэх онд 6.1 их наяд төгрөг байхаар тооцоолсон. Сонгуулийн жил төсөв ойролцоогоор 2 дахин нэмэгдэж батлагдаж байсан. Энэ онд төсвийг хөөсрөлтгүй батлахаар ажиллаж байна” хэмээн хариуллаа.

Засгийн газар ирэх онд төсвийн зарлагыг бууруулахыг хичээж байгаа. Гэхдээ дутуу ажилласан байна. НДТГ-т л гэхэд 33 орлогч дарга ажиллаж байна. Орлогч нарын тоог багасгах Энэ мэт нөөц боломжоо дайчилж чадвал илүү их хэмнэлт бий болгож, төсвөө алдагдалгүй батлах боломж бий болно хэмээн УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэлэв.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ирэх оны наймдугаар сараас 9 яамтай ажиллахаар төсөвт тусгасан байна. Энэ бол ирэх сонгуулиар байгуулагдах Засгийн газрын бүрэн эрхэнд халдаж байгаа асуудал. Үндсэн хуультай зөрчилдөнө. Тэгэхээр 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс 9 яамтай болох хэрэгтэй гэсэн санал хэллээ.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ