Ноён хутагт нэрээ 50 гаруй янзаар бичдэг байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-10 11:35:42

Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаа шүлэг зохиолынхоо ард өөрийнхөө нэрийг бичихдээ Равжаа нэрт тоть, газрын хязгаарын хуварга галзуу Равжаа, Өлзийтийн хүү өнөөх гайхал Равжаа гэх зэргээр бичиж үлдээдэг байжээ.

Харин энэ нэрийн утгыг үнэн мөнөөр нь зөв тайлан унших хэрэгтэй байгаа талаар Говийн тавдугаар дүрийн догшин ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ойг тохиолдуулж 2013 онд Сайншанд хотноо зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр зохиолч, сэтгүүлч Г.Цэдэвдорж илтгэл хэлэлцүүлсэн байдаг. Эрхэм зохиолчийн судалж тогтоосноор галзуу, согтуу гэдгийг энгийн ойлголтоор ойлгож болохгүй. Халхын ноён хутагтын талаар эрдэмтэн Хатанбаатар, Мэндсайхан нарын номонд эгэлгүй бөгөөд хосгүй ухаантныг “Галзуу” хэмээн нэрийддэг байж.

Согтуу гэдэг нь архийг ус болгож урвуулдаг ид шидтэй, түүнийгээ зөвхөн бурханд зориулан хэрэглэдэг байх жишээтэй. Тэр бүү хэл Түвдийн ихэс дээдэс гэгээнтнүүд билиг билгүүн гэдгийг эгэлгүй, хосгүй гэж үзээд “Галзуу” хэмээн нэрийддэг байж. Тэгэхээр энэ нэр нь ноён хутагтыг өргөмжилсөн өндөр зэргэмжтэй байсныг баталсан хэрэг гэжээ.

"Энэ мэтийг ойлгож мэдээгүй нь бидний мунхаг, харанхуй байгаагийн илтгэж буй хэрэг. Хутагт архи уухыг хориглосон шүлэгтээ “Хэрэв архи уудаг хүн бол миний шавь биш” хэмээн үздэг байж" хэмээн Г.Цэдэвдорж дурдсан байдаг.

Эрдэмтэн н.Цагааны 1990 онд хэвлүүлсэн “Равжаагийн яруу найргийн цоморлиг” номноос сэдэвлэж Равжаагийн монгол, түвд хэл дээр зохиосон 220 гаруй дуу, шүлэг сургааль, жүжгийг хэлбэртэй зохиолууд бий. Энэ зохиол бүтээлдээ Ноён гэгээнтэн өөрийн нэрээ 50 гаруй янзаар бичиж үлдээсэн хэмээн өвгөн зохиолч өгүүлжээ.    

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ