Ажилгүйчүүдийн тоо өссөөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 10:23:15

Төрөлт буурчээ

    Энэ оны эхний 9 сард Увс аймагт 1518 эхээс 1529 хүүхэд амьд төрсөн байна.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах юм бол төрсөн хүүхдийн тоо 94-өөр бага буюу 5.8 хувиар буурсан аж. Гэрийн төрөлт 13 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 2 хүүхдээр их байна. Мөн жирэмслэлт болон төрөлтийн улмаас эхийн эндэгдэл гараагүй аж.

"Шинэ төрсөн иргэдэд аймаг, сумын удирдлагууд ирж хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ гэрэл зургийг нь авч дурсгалын альбомд хийж хадгалуулан, живх бэлгэлдэг уламжлал тогтоод нэг жил өнгөрлөө” хэмээн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эрхлэгч, эмэгтэйчүүдийн их эмч Н.Шинэхүү онцоллоо.

Ажилгүйчүүдийн тоо өссөөр байна

Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил идэвхитэй эрж байгаа  ажилгүй хүний тоо 1138 болж, өнгөрсөн оны мөн үеэс 326 хүнээр өссөн байна.

Аймгийн хэмжээнд 710 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 62.4 хувийг эзэлж байгаа юм. Оны эхний 9 сарын байдлаар бүртгүүлсэн ажил идэвхитэй эрж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 4 жилийн дунджаас 308 ажилгүйчүүдээр нэмэгдсэн аж. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 0.7 хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

“Аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 9-р сард 632 ажилгүй иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан ажилгүйчүүдээс 215 иргэн ажилд зуучлагдан орж, 569 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан” хэмээн Увс аймгийн Хөдөлмөрийн хэлстийн дарга Н.Батбаяр манайд  мэдээллээ.                                                                                                              

Нийгмийн халамжийн зардал 230,6 саяаар нэмэгджээ

Нийгмийн халамжийн сангаас оны эхний 9 сард Увс аймаг 6,4 тэрбум төгрөг авч 26,5 мянган хүнд зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 230,6 сая.төгрөгөөр өсчээ.

Халамжийн сангийн үйлчилгээг төрлөөр нь үзвэл Алдарт эхийн одонт 8423 хүнд 1170,1 сая төгрөг, алдар цолтой 23 ахмадад 38,8 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангаас халамжийн тэтгэврийг 1255 хүнд 1852,2 сая төгрөг тус тус олгожээ. Түүнчлэн нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 1152 хүнд 880,6 сая төгрөг, 7006 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 688,1 сая төгрөг, амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламж болох 593,1 сая төгрөгийг 1174 иргэнд, 1766 жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд 741,1 сая төгрөг, 5070 иргэнд 373,3 сая төгрөгийн хүнс тэжээлийн тусламжийг тус тус үзүүлсэн байна. 

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ