Дэлхийн шинжлэх ухаан 2017 онд: Нээлт ба хүлээлт

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
adiyakhuu@montsame.mn
2017-01-13 16:39:02

Энэ онд шинжлэх ухааны салбарт анхаарал татахаар үйл явдал олон болох нь ээ. Одон орончдын хувьд 40 жилийн өмнө “харь гарагийнхан”-ы илгээсэн мессеж хаанаас ирсэн болохыг тогтоох гэж оролдохоос гадна манай галактикийн төвд орших хар нүхний зургийг авахаар зэхэж байна.

Эдгээр болон бусад сонирхолтой зүйлсийн талаар шинжлэх ухаан танин мэдэхүйн “Чердак” цахим хуудсанд нийтэлснийг орчуулан толилуулъя.

1.“Wow!” дохионы учрыг тайлахаар оролдоно

1977 оны 8 дугаар сарын 15-нд одон оронч Жерри Эйман Охайо муж улсын их сургуульд “Том чих” гэдэг дуран авайгаар ажиглалт хийж байгаад сансраас илгээсэн ер бусын нэгэн дохиог “барьж авчээ”. Энэ дохио бусдаас огт өөр гайхшрал төрүүлэхээр байсан тул Эйман дэвтэртээ “Wow!” гэж тэмдэглэсэн байна. Энэ дохио харь гарагийн хүмүүсээс илгээсэн мессэж байж магадгүй гэж эрдэмтэд үзээд дахин ийм дохиог “барьж авахаар” оролдсон боловч үр дүнд хүрсэнгүй.

Харин одоо уг мессэж хаана ирсэн талаар эрдэмтэд шинэ таамаг дэвшүүлж байна. Тухайлбал, Флорида муж улс дахь Сент-Питерсбергийн коллежийн одон орны физикч Антонио Парис-ын үзэж байгаагаар, уг дохиог 2006 болон 2008 онд илрүүлсэн хоёр сүүлт одноос илгээсэн байж магадгүй гэнэ.

2017 оны 1 дүгээр сарын 25-нд 266P/Christensen гэдэг сүүлт од Нумын ордны Хи гэдэг хэсэг оддын дэргэдүүр өнгөрөх бол 335P/Gibbs сүүлт од 2018 оны 1 дүгээр сарын 7-нд яг энэ замаар явж өнгөрнө. А.Парис энэ мөчүүдэд сүүлт одуудыг ажигласнаар өөрийнх нь дэвшүүлж буй хувилбар үнэн эсэхийг тогтоох юм.

2.Хар нүхний гэрэл зургийг авах гэж оролдоно

Энэ оны 4 дүгээр сард одон орончид анх удаагаа хар нүхний гэрэл зургийг авахаар төлөвлөж байна. Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон бүхий огторгуйн орон зай юм. Эрдэмтэд манай галактикийн төвд орших Нум A* гэдэг хар нүхийг олж харахыг зорьж байгаа юм. Энэ нүх хүртэл 25 мянган гэрлийн жилийн зайтай.

3.Сансрын судалгаа эрчимтэй үргэлжилнэ

Тодруулбал, Хятад улс энэ онд Сар руу “Чанъэ-5” гэдэг аппарат илгээж, тэндээс хөрсний дээж авчрах юм. Түүнээс гадна  Moon Express  гэдэг хувийн компани Сар руу нислэг үйлдэнэ гэсэн яриа байгаа боловч энэ нь одоохондоо төлөвлөгөө төдий зүйл бололтой.

Түүнчлэн 2011 онд хөөргөсөн Хятадын анхны тойрог замын станц болох  "Тяньгун-1" дэлхий дээр унана. 8,5 тонн жинтэй энэ хөлгийн ихэнх хэсэг агаар мандалд шатаж устах юм. "Тяньгун-1" бол харьцангуй жижиг сансрын аппарат бөгөөд түүнийг ашиглан 2022 онд ашиглалтад оруулах бүрэн хэмжээний станцыг байгуулан ажиллуулах технологийг боловсруулжээ. 2016 онд хятадууд "Тяньгун-2" станцыг тойрог замд байрлуулсан байна.

Европын Сансрын агентлаг /ESA/ энэ онд дэлхийн агаар мандал дахь салхийг судлах зорилгоор Aeolus гэдэг хиймэл дагуул, мөн Нарны аймгийн гадна орших гарагуудыг хайх зорилгоор CHEOPS дуран авайг хөөргөхөөр төлөвлөжээ.

Америкийн НАСА агентлаг дэлхийн ионосфер /стратосферийн дээр оршиж радио долгионыг тусгаж байдаг агаар мандлын ионжсон бүс/ болон термосферийг судлах зорилгоор ICON, GOLD гэсэн хоёр хиймэл дагуулыг хөөргөхийн зэрэгцээ өвөрмөц содон гарагуудыг илрүүлэх судлах зорилгоор TESS дуран авайг сансарт байрлуулна.

Энэ оны 3 дугаар сараас эхлэн Олон улсын сансрын станцад ажиллаж буй Оросын сансрын нисгэгчдийн тоо түр хугацаанд цөөрөх юм. Харин энэ оны сүүлчээр “Наука” гэдэг модулийг хөөргөсний дараа тэдний тоо дахин нэмэгдэх ажээ. 

Энэ оны хувьд Орос улс Олон улсын сансрын станц руу "Союз МС" жолоодлогот хөлөг болон гурван “Прогресс” ачааны хөлгийг илгээх гэж байна.

4.Cassini-г Санчир гараг дээр унагана

9 дүгээр сарын 15-ны өдрийн 16:07 цагт /Москвагийн цагаар/ Cassini гэдэг сансрын аппарат Санчир гарагийн агаар мандалд орсноор шатаж устах юм. Энэ ажиллагааг 4 дүгээр сарын 22-ноос эхлэн явуулах аж.

Cassini-г бараг 20 жилийн өмнө Санчир гараг руу илгээсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд энэ аппарат уг гарагийн дагуулууд болох Энцелад дээр галт уулын тогоонууд, Титан дээр метанан нуур байгааг илрүүлж, Титаны агаар мандалд болж буй асар хүчтэй шуургыг судалсан байна.  

5. Хүнд бөөмсийн их хурдасгуурыг дахин ажиллуулна

5. 4 эсвэл 5 дугаар сард хүнд бөөмсийн их хурдасгуур /Large Hadron Collider/ дахин ажиллуулж эхэлнэ. Одоогоор уг байгууламжид техникийн засвар үйлчилгээ хийж байгаа аж. 

Харин энэ оны сүүлчээр хурдасгуурыг дахин 3 сарын хугацаагаар зогсоох бөгөөд 2018 оны 2 дугаар сард дахин ажиллуулаад дараа нь бүтэн хоёр жил гаруй хугацаагаар “амраах” юм.

6. Суперкомпьютерийн хүчин чадал улам нэмэгдэнэ

Одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн хүчирхэг компьютер бол Хятадын TaihuLight гэдэг суперкомпьютер юм. Түүний тооцоолон бодох хурд нь 93 петафлопс ажээ. Өөрөөр хэлбэл, секундэд 93 квадриллион /тунамал буюу их наядын дараах 16 оронтой тоо/ үйлдэл хийдэг гэсэн үг. Уг компьютерийг цаг агаарын байдлыг тандах, эмзүйн судалгаа хийх, үйлдвэрлэлийн дизайн зэрэгт ашиглаж байна.

Энэ онд Японы эрдэмтэд Хятадынхаас илүү хурдан буюу 130 петафлопсийн хурдтай суперкомпьютер зохион бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд үүнд 173 сая доллар зарцуулах гэнэ. Уг компьютерийг нисгэгчгүй онгоцоор тээвэр хийх, үйлдвэрлэлийг автоматжуулах зэрэгт ашиглах аж.

7. Хиймэл оюун ухааныг StarCraft тоглуулж сургана

Хиймэл оюун ухаан нь олон төрлийн тоглоомоор хүнтэй өрсөлдөж хожсон билээ. Тухайлбал, 2016 онд го наадгай тоглож хожсон байна.

Энэ онд IBM компанийн DeepMind программ StarCraft-аар тоглох гэж байна.

StarCraft гэдэг нь бодит цаг хугацаан доторх стратеги бөгөөд го даам, шатар зэргээс ялгагдах онцлог нь өрсөлдөгчид бие биенийхээ хийж буй үйлдлүүдийг хардаггүй учраас компьютер шийдвэр гаргадагт оршино. 

Энэ онд янз бүрийн ботууд маш өргөн тархах нь. Хиймэл оюун ухаан бүхий эдгээр “кибер бүтээвэр”-ийг Майкрософт, Эппл-ээс гадна Гүүгл, Фейсбүүк, Амазон компаниуд хийж эхлэхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн онд  Microsoft компани Тау гэдэг чат-ботыг туршиж үзсэн байна.  Чат бот гэдэг нь бусадтай харьцахдаа хүмүүсийн ярианы өнгө байдал ямар байгааг дууриах зориулалттай компьютерийн программ юм. Энэ "кибер бүтээвэр" нь Твиттер дэх аккаунтынхаа тусламжтайгаар өөрт нь бодит хэрэглэгчдээс илгээсэн мессежийг уншиж сураад хүмүүстэй харилцаж байсан аж. Ингэснээр Тау яриа хөөрөөг эвлэгхэн өрнүүлж сурна гэж таамаглаж байлаа. Гэтэл энэ бүтээвэр ганцхан өдрийн дотор өөрийгөө хар тамхи хэрэглэдэг хэмээн магтаж, элдэв янзын зохисгүй санал тавьж байжээ. Үүний дараа  Microsoft  компани “зоргоор аашилдаг” аккаунтыг яаралтай хаасан байна.

8. Нисгэгчгүй автомашины хэрэглээ өргөжинө

Тээврийн Traft компани Москва, Санкт-Петербург, Краснодар хотуудад жолоочгүй ачааны автомашинуудыг ашиглаж эхлэхээр төлөвлөж байна.

Жолоочгүй гэж байгаа боловч эдгээр машины бүхээгт жолооч заавал сууж явах бөгөөд шаардлагатай үед системийн тохиргоог хийх аж. Жолоочгүй машинаар тээвэрлэлт хийдэг компаниудын хувьд түлш болон засварын зардлыг хэмнэнэ гэж найдаж байгаа бололтой. Үүнээс гадна ийм төрлийн ачааны машинууд осолд орох нь цөөн байдаг аж. Энэ онд “Делимобиль” компани жолоочгүй ачааны машин турших гэж байгаа бөгөөд туршилт амжилттай болбол ийм төрлийн автомашиныг 2018 оноос түрээслүүлж эхлэх гэнэ.    

Харин Голландын Амстердам хотод анх удаа робот завиудыг усанд тавих гэж байна. Эдгээр завиар зорчигчид болон ачаа тээвэрлэх, түр гүүрүүд болон хөвөгч тавцангуудыг угсрах, задлах, экологийн үнэлгээ хийх, сувгуудыг цэвэрлэх, Амстердамын оршин суугчдын жил бүр ус руу хаядаг 12-15 мянган унадаг дугуйг уснаас татаж гаргах зэрэг олон ажлыг гүйцэтгэх ажээ. 

9. Хүний геномын судалгааг үргэлжлүүлнэ

Гурван өөр хүний гентэй хүүхэд төрүүлэх, хүний генийг засварлах гэх мэт генетикийн салбар дахь дуулиан тарих туршилтууд  2017 оноос нааш хийгдэхгүй гэж үзэж байлаа. Гэтэл 2016 оны 5 дугаар сард Мексик улсад эцэг эхийн ДНХ болон донороос авсан митохондрын ДНХ-г агуулсан хүүхэд төрсөн билээ.

Их Британийн эмч нар мөн ийм төрлийн туршилт хийх зөвшөөрөл аваад энэ онд гүйцэтгэх гэж байна.

Өнгөрсөн онд Хятадад CRISPR/Cas9 технологийн тусламжтайгаар насанд хүрсэн хүний дархлааны эсийн генийг анх удаа засварласан байна. Мөн саяхан Америкийн эмч нар ийм төрлийн туршилт хийх зөвшөөрөл авсан ажээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ