Амаржих газруудад “Эхийн сүүний банк” байгуулна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2017-01-17 16:36:57

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Сүүлийн жилүүдэд эхийн сүүг орлох бүтээгдэхүүний хэрэглээ өсч байгаа бөгөөд импортын хэмжээ 1997 оноос даруй 10 дахин нэмэгджээ. Энэ хэрээр хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь багасаж байгааг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хуулийн төслийн танилцуулгадаа дурьдав.

Тэрбээр, “Хуулийн төсөлд эхийн сүүний оронд хүүхдэд өгөх зориулалттай үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодолд тавих нийтлэг шаардлагыг оруулжээ. Мөн энэ төрлийн бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт, хуулийг мөрдөх, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын үүрэг, хариуцлагын талаар болон хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагатай холбоотой зохицуулалтыг тусгасан” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хүнсний тухай, Зөрчлийн тухай болон бусад хяналт шалгалтын тухай хуулиудыг чангатгаад, эхийн сүү орлох бүтээгдэхүүний стандартад хяналт тавьж болдоггүй юм уу. Өнчин, ээж нь сүү ороогүй хүүхдүүдийн хэрэглээг хэрхэн хангах вэ хэмээн тодруулсан. Эхийн сүүгээр хооллоогүй хүүхдийн өсөлт хөгжил сул байдаг аж. Тиймээс эхийн сүү орлуулагчаас татгалзах, хяналтыг чангатгах хэрэгтэй. Өнчин, олдмол, ээж нь сүүгүй хүүхдүүдийг “Эхийн сүүний банк”-аар дамжуулан тэжээхээр төлөвлөж байгаа” гэлээ. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд Эрүүл мэндийн сайдын тушаалаар амаржих газруудад “Эхийн сүүний банк” байгуулах аж.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг уриалах бус залуу ээжүүдийн эрүүл мэндэд түлхүү анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлээд, “Залуу ээжүүд хоол хүнсний хэрэглээ, витамины дутагдал зэргээс шалтгаалан сүү орохгүй байна. Тиймээс залуу ээжүүд хэрхэн эрүүл байх вэ, ямар дасгал хөдөлгөөн хийж, ямар хүнс хэрэглэх ёстой вэ гэдгийг нарийн сурталчлах хэрэгтэй” гэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх болов.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ