Мини парламентын хүүхдүүд АИХ-ын депутатуудтай уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-19 10:47:15

Өмнөговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Мини парламентын хүүхдүүд АИХ-ын  депутатуудтай өчигдөр уулзаж санал бодлоо солилцлоо.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад тулгарч байсан асуудал болон Үндсэн хуулийн үзэл санааг сурагчдад ойлгуулах зорилгоор уг уулзалтыг зохион байгуулсан байна. Өмнөговь аймгаас АИХ-д нийт 14 төлөөлөгч сонгогдож Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан байдаг бөгөөд одоогоор Д.Даргахүү, Ж.Буд, Б.Зандраа нар төрөлх аймагтаа ажиллаж амьдарч байна. Тэд сурагчидтай уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэднйи сорихосн асуултад хариуллаа.

"Үндсэн хуульд шинээр засан сайжруулсан долоон өөрчлөлтийн талаар болон ямар алдаа гарсан болоод ямар ололт байгаа зэргийг энэ уулзалтаас ойлгож авсандаа баяртай байна" гэж Мини парламентын дарга М.Золбоо ярилаа. Тэрээр Мини парламентад ажиллаж байгаа нь ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгоход нэлээн нөлөөлж байгааг нэмж онцлон хэлсэн юм.

Тус аймгийн ИТХ-ын дэргэд Мини парламентыг байгуулан дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм. 33 хүүхдийн төлөөлөлтэй уг Мини парламент шийдвэр гаргах түвшинд хүүхдийн дуу хоолойг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд нийгмийн бодлого, ёс зүй, соёл спорт, мэдээлэл сурталчилгаа гэсэн дөрвөн хороодод хуваагдан үйл ажиллагаа явуулдаг байна. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ