Хөгжлийн банк 580 сая ам.долларын зээлийн төлөлтөд гурван хувилбар зэхсэн гэв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн өнгөрсөн сарын 22-нд өргөн мэдүүлсэн.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд удахгүй төлөх 580 сая ам.долларын зээлийг хэрхэн хийх гэж байгаа болон өмнө нь ажиллаж байсан ажилтнуудад ямар хариуцлага тооцож ажиллахыг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяраас тодруулав.
Гүйцэтгэх захирал Б.Батбаяр эдгээр асуултад, "580 сая ам.долларын зээлийг гуравдугаар сарын 21-нд төлнө. Гурван хувилбараар төлөлт хийхээр яриа хэлэлцээр хийж байна.Төлөлтийн хугацааг сунгах уу бэлэн мөнгөөр төлөх үү гэхчлэн яриа хэлэлцээр үргэлжилж байна. Хөгжлийн банкны өмнөх таван газрын захирлаас АТГ болон Улсын мөрдөн байцаах газар мэдүүлэг авч байгаа. Хэлтсийн дарга нар 100 хувь өөрчлөгдсөн. Сахилга хариуцлага алдсан хүмүүсийг хууль хяналтын байгууллага шалгаж байна" гэсэн хариулт өгөв.
Гишүүд асуулт асуусаны дараа зарчмын зөрүүтэй 45 саналаар санал хураалт явуулсан. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүн Хөгжлийн банкинд өмнө нь гарсан эрсдлүүд дахин гарах вий. Гэхдээ тус банкийг улстөрөөс ангид ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу тус банкны ажиллах бололцоог олгох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байв.
Б.Туул