БНХАУ: Далай ламын айлчлалаас сургамж авсан гэдэгт найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-25 11:10:24

БЭЭЖИН. /Sputnik/. Монгол Улс Далай ламыг дахин урин залахгүй гэсэн амлалтандаа хүрнэ гэдэгт найдаж байна гэж БНХАУ мягмар гарагт мэдэгдлээ. 

Түвдийн бурхны шашны удирдагч Далай лам 2016 оны 11 дүгээр сард Монголд айлчилсан нь Бээжингийн дургүйцлийг хүргэсэн билээ.

Өдгөө 81 настай ламыг “Түвдийг тусгаар улс болгохыг оролдож буй салан тусгаарлагч” гэж Хятадын эрх баригчид үздэг. Хятад улс 1950 онд Түвд рүү дайрч, эрхшээлдээ оруулсан билээ.  Харин буддын шашинт монголчууд Далай ламыг ихэд хүндэлдэг юм.

Мягмар гарагт утсаар ярих үеэр Хятад улсын Гадаад харилцааны сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд хандан “Далай ламын "гэнэтийн нууц" айлчлал Хятад-Монголын харилцаанд сөргөөр нөлөөлсөн ... Монгол Улс энэ айлчлалын сөрөг нөлөөллөөс сургамж авсан гэдэгт найдаж байна” гэжээ.

Мөн сайд Ван хэлэхдээ “Монгол Улс Далай ламыг дахин урихгүй гэсэн амлалтандаа хүрнэ хэмээн би найдаж байна” гэжээ.

Далай ламын айлчлалын улмаас Монголын ашигт малтмалын тээвэрлэлтэд Хятадын талаас шинээр хураамж ногдуулахын зэрэгцээ дипломат хэлэлцээг хойшлуулж, хилийн чухал гарцыг хаасан билээ.

Монгол Улс одоо эдийн засгийн хямралд ороод байна. Далай ламыг айлчлах үед Улаанбаатар БНХАУ-аас 4.2 тэрбум долларын зээл авах асуудлаар хэлэлцээ хийж байсан юм.

Сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “Далай ламын айлчлал хоёр улс хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлсөнд харамсч байна” гэжээ.

Нобелийн Энх тайвны шагналт Далай ламын айлчлал “улс төрөөс ангид, цэвэр шашны зорилготой” болохыг Монголын тал нэг бус удаа мэдэгдсэн юм.

1959 онд эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн бослого нь амжилтгүй болсноор Далай лам Түвдээс Энэтхэг рүү дүрвэсэн билээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ