Өвөр хошууны төлөөлөгчид айлчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСОХУ-ын Тува улсын Өвөр хошууны захиргааны дарга Ооржак Аржаан Никифоровичоор ахлуулсан ажлын хэсэг Увс аймагт албан ёсны айлчлал хийж байна.
Өчигдөр тэд аймгийн ЗДТГ-ын болон Хилийн 0245-р анги, Улаангом, Түргэн, Сагил, Давст сумдын удирдлагуудтай албан уулзалт хийсэн юм. Энэ үеэр Улаангом, Түргэн, Сагил, Давст сумдын удирдлагууд Өвөр хошуутай 2017 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд саналаа тусгаж, гарын үсэг зурж баталгаажуулаа. Уулзалтаар боловсрол, соёл, урлаг, биеийн тамирын салбарт хамтран ажиллах, жижиг дунд үйлдвэрлэл, ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр туршлага солилцох, хилийн яармаг худалдаа, «Эв модны наадам» зохион байгуулах, малын хулгайн эсрэг хамтарсан арга хэмжээ зохион байгуулах зэрэг асуудлаар хоёр тал санал бодлоо солилцсон юм. Үүний дараагаар Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан Өвөр хошууны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтын ажиллагаанд амжилт хүсч, бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Өвөр хошууны төлөөлөгчдийн айлчлал өнөөдөр дуусна.
Б.Батхүү