Мандал суманд өвс, тэжээл, эм био бэлдмэл хүлээлгэн өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭМонгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын онцгой комиссын баг өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Тус ажлын хэсгийнхэн өнөөдөр буюу 2-р сарын 2-ны өглөө Мандал суманд хүрэлцэн ирлээ. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Мандал сумын удирдлагууд, аймгийн ОБГ-ын дарга зэрэг төлөөлөгчид тэднийг угтан авлаа. Улсын онцгой комиссын баг Мандал суманд ажиллахдаа тус суманд 40 тонн өвс, 20 тонн тэжээл, малын эм био бэлдмэл, бусад шаардлагатай бараа материалыг улсын нөөцөөс хуваариласныг хүлээлгэн өглөө.
Сэлэнгэ аймгийн Мандал сум нь нийт 9 багийн 7199 өрхийн 2688 хүн амтай. 2016-2017 оны өвөл 113820 мянган толгой мал тус суманд өвөлжиж байгаа юм. Мандал сумын хувьд цас их орсноос өнөөдрийн байдлаар нийт малын 63.8 мянга буюу 56 хувьд нэмэгдэл тэжээл шаардлагатай байгааг орон нутгийн удирдлагууд Шадар сайдад хэлж байлаа. Тус сумын нөөцөд өнөөдрийн байдлаар 2800 тонн өвс, 190 тонн орчим тэжээл байгааг ч энэ үеэр мэдээллээ. Шадар сайд үдээс хойш Сэлэнгэ аймгийн Баянгол, Сүхбаатар суманд ажиллана.
Ч.Отгонцэцэг