Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-07 17:37:12

Булган аймагт зээлээр олгогдсон трактор, чацарганы суулгацны төлбөрийн эргэн төлөлт хангалтгүй байна.

Энэ асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн ХХААХҮЯ, Тариалан эрхэлтийг дэмжих сангаас 2012-2016 онд газар тариалан эрхлэгчид, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зээл, тусламж, дэмжлэгээр олгогдсон бага оврын трактор, чацарганы суулгац авсан иргэд, аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх, өр авлагыг барагдуулах ажлыг орон нутагтаа шуурхай зохион байгуулахыг аймаг, сумын Засаг дарга нарт даалгажээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Булган салбарын эрхлэгч Ц.Энхбатаас энэ талаар тодруулахад:

-Газар тариалан эрхлэлтийг дэмжих сангаас манай аймагт 300 гаруй бага оврын трактор тараасан. Түүний зээлийн буцаан төлөлт хангалтгүй, 200 гаруй иргэний зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн байгаа. Мөн 280-аад сая төгрөгийн чацарганы суулгац зээлээр олгосон. 2010 онд суулгац өгсөн байхад эргэн төлсөн нь цөөхөн. Зургаан жил болоход чацаргана ургуулаад ашиг олж байгаа нь бага байна гэлээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр төлбөр барагдуулах ажлын хэсэг  байгуулаад сум бүрт зээлийн төлбөртэй иргэн, аж ахуйн нэгжийн нэрийг гарган хүргүүлээд байгаа юм байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ