Х.Бүрэнбэх: “Жаргалтай залуу нас” шинэ сэргэг бүтээлүүдийг эгшиглүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
altankhuyag@montsame.mn
2017-02-10 13:32:14

УДБЭТ-ын хамт олон “Валентин”-ы баярт зориулан “Жаргалтай залуу нас” концертыг үзэгчдэд хүргэх гэж байна. Концертын талаар ерөнхий удирдаач МУУГЗ Х.Бүрэнбэхээс тодруулав.

-УДБЭТ шинэ залуу хөгжимчдийн “Жаргалтай залуу нас” концертыг гэгээн хайрын баярт зориулан тоглох гэж буй нь сонирхол татлаа. Эндээс хоёулаа яриагаа эхлэх үү дээ?

-Бид концертынхоо найруулгыг шинэчилж баяжуулах зорилгоор залуу хөгжимчдийн дунд “цөөхүүл” хөгжмийн уралдаан зарласан. Уралдаанд залуу хөгжимчид их идэвхтэй оролцсон. Бид нэгдсэн байдлаар дүнгээ гаргаад байна даа. Уралдаанд шалгарсан залуус маань үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн олон сайхан аялгуу эгшиглүүлнэ. Мөн залуу гоцлол дуучид, үзэгчдийн сонсох дуртай “Консонанс” хамтлаг, симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно.

-Энэ удаагийн тоглолтын онцлог хийгээд үзэгчдэд барих цоо шинэ зүйл гэвэл та юу хэлэх вэ?

-Бид Шекспирийн алдарт “Ромео Жульетта”-гаас сэдэвлэсэн уран сэтгэмжит хөгжмийг анх удаа тоглож байгаа. Өөрийн гэсэн тусгай хөтөлбөртэй маш тансаг аялгуу. Бас амьд хөгжмийн хамтлаг бий. Залуусын сонсох дуртай орчин үеийн шинэ, шинэлэг дуунуудыг түүвэрлэн хүргэнэ. Хамгийн гол нь өмнөх нэг хэвийн тоглолтуудыг арай жаахан эвдсэн. Энэ удаагийн  тоглолтын бүх дуу, хөгжим шинэ бүтээлүүд байгаа юм. Нэр нь юу билээ, чи мэдэж байгаа биз дээ.

-Тэгэлгүй яахав, “Жаргалтай залуу нас” шүү дээ...

-Нэрнээсээ л орчин үеийн шинэ сэргэг зүйлс үнэртэж байхаар тооцож энэ нэрийг өгсөн. Хамгийн гол нь энгийн хэрнээ цаад утга нь  гүн гүнзгий байх ёстой. Хүний залуу нас үргэлж аз жаргалаар дүүрэн, шулуун дардан замаар явдаггүй. Зовох цаг байвч хүмүүс залуу насныхаа өнгө жавхаа, эрч хүчээр гуниг, зовлонг таягдан хаяж урагш алхаж чаддаг. Тиймээс л бид тоглолтоо ийн нэрийдсэн хэрэг. Тэр л гал цогтой залуу насны эрч хүчийг үзэгчдэд мэдрүүлж, сэтгэлийг нь тунгалаг, ариун болгох нь манай тоглолтын гол зорилго. Хөгжмийн хэлийг хэрхэн ойлгож, хүлээж авах нь  үзэгчийн мэдрэмжээс л шалтгаална.

-Амьгүй юмс бүхэнд өөрийн хэл, араншин бий гэж философчид хэлдэг. Та сая хөгжмийн хэл гэж ярьлаа. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

-Хөгжим гэдэг хүний дотоод хэл. Хамаг орчлонгийн хэл ч гэж ойлгож болно. Хөгжим эгшиглэхэд тэрхүү хөгжмийн дотоод мөн чанар нь миний сэтгэлийн гүнд хүрэх буюу миний сэтгэл тухайн хөгжмийн аялгуутай уусан холилддог. Тэр цагт зүрх сэтгэлийн дотоод холбоо үүсэх тул ямар ч хэл яриа шаардлагагүй. Тийм л дотоод сэтгэлийн хэл, хөг аялгуу хүн бүрийг догдлуулж чадна.

-Концертод дэлхийн сонгодог хөгжмийг монгол үндэсний хөгжимтэй хослуулсан үзүүлбэр бий юу?

-Мэдээж морин хуур, бас бус хөгжим байлгүй яахав. Гол нь бид нэг шугам барьж ажилласан болохоор үндэсний хөгжим цөөхөн эгшиглэх байх. Аливаа тоглолт үзэгчдэд цогц байдлаар хүрч байх ёстой. Нэг шугам, нэг санаанд зангидсан байх нь чухал. Түүнээс биш эрээвэр, хураавар зүйлсийн цуглуулга байж болохгүй. Энэ бол гэгээн хайрын баярт зориулсан тоглолт. 

-Үндэсний хөгжмийн хөг аялгууг ямар байгаасай гэж хүсдэг вэ, цаашид аль тал руу нь илүү хөгжүүлэх бодолтой байна?

-Морин хуур, ятга, шанз, хуучир, лимбэ, цуур гээд л хэзээ ч мартаж, орхиж болшгүй хөгжмийн агуу их соёл, үнэт зүйлсийг бид өвөлж авсан. Үндэсний хөгжмийн аялгуу бүр нь монгол орны байгалын сайхнаар зугаалж байх шиг мэдрэмжид автуулдаг. Хөгжмийн аялгуу нь өөрөө аниргүй нам гүмийн бэлгэдэл юм. Бид орчин цагийн хөгжмийн соёлтой нийлүүлж шинэ зүйл бүтээх хэрэгтэй. Ингэж байж л цааш хөгжинө дөө.

-Манай улсад хөгжмийн соёлыг ойлгодог, тоглодог залуус их болсон. Гэхдээ морин хуур, ятга гэхээсээ төгөлдөр хуур, хийл хөгжим сурахыг илүүд үздэг. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Хоёр талтай асуудал л даа. Гол нь хослуулж сурах хэрэгтэй. Гэхдээ хүүхдүүд урлаг талаас нь бус гоёчилж хараад байгаад учир бий. Төгөлдөр хуур юм уу, хийл эсвэл босоо ятга тоглодог бол дээд зиндааны хүн болно гэсэн ойлголт байна. Урлагт ийм ёс суртахуунгүй зүйл байх ёсгүй. Хөгжмийн мөн чанарыг мэдэрч байж л сайн хөгжимчин болно.

-Залуу хөгжимчдийг шалгаруулж авахдаа дээр хэлсэнтэй адил үзэл бодлыг нь сонсч үзсэн үү?

-Ер нь хувь хүний авьяасыг шүүхэд хэцүү. Гэхдээ бидэн шиг олон жил энэ урлагт зүрх сэтгэлээ өгч зүтгэсэн хүмүүс тухайн хүүхдийг хэр сонсгол сайтай, хуруу гарын хөдөлгөөн ямар байна  вэ зэргээс хамаарч авьяастай үгүйг нь гадарлахтайгаа. Ярилцаж үзэл бодлыг нь сонсоогүй л дээ. Сүүлд тулж ажиллахад хөгжим тоглох чин хүсэлтэй, мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн нь харагдсан. Энэ л сайны дохио. Хөгжмийг зүрх сэтгэлээсээ тоглоход үзэгчид ч зүрх сэтгэлээрээ ойлгож мэдэрдэг.

-Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тоглолтонд тань амжилт хүсье.

-Баярлалаа.

Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ