Ч.Содномцэрэн: Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогч шилжилт хийж санал өгөх шаардлагагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-13 15:26:52

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, “Ерөнхийлөгчийн сонгууль нь нэг тойргоор болох учир “царцааны нүүдэл” хийх шаардлагагүй. Учир нь аль нэг аймаг, хот руу шилжиж сонгогч саналаа өгсөн ч нэг хүний төлөө санал өгөх учир сонгуулийн дүнд нөлөөлөхгүй” хэмээн мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх 6 дугаар сарын 26-нд болно. Харин хилийн чанадад суугаа иргэд саналаа 6 дугаар 10-11-ны өдөр өгөх юм. Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд СЕХ энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааны хуваарийг баталжээ. Хуваарийн хүрээнд ирэх саруудад ямар ажил хүлээж буйг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэргүүтэй удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Хуваариар бол хоёрдугаар сард сонгуулийн хэсэг байгуулна. Сонгуулийн тухай хуулинд санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана хэмээн тусгасан байдаг аж. Мөн энэ сарын 26-наас өмнө төрийн аудитын байгууллага сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоох юм.  

Гуравдугаар сард сонгуулийн байгууллагад ажиллах боловсон хүчний мэдээллийн сан бүрдүүлж, сургалт сурталчилгаа зохион байгуулах ажлууд хийгдэнэ. Түүнчлэн сонгуулийн үеэр ажиллах ЭСЯ, Консулын газрын ажилтнуудад хууль дүрмийн зааварчилга өгөх юм. Үүний зэрэгцээ сонгогчдын нэрсийн жагсаалтыг ирэх сарын нэгэн гэхэд бүртгэлийн байгууллага гаргасан байх нь. Одоогийн байдлаар хоёр сая 56 мянган иргэн бүртгэлтэй байгаа ба сонгууль хүртэл бага зэрэг хэлбэлзэл гарч болзошгүй.

Дөрөвдүгээр сард аймаг, нийслэл, сум, дүүргийн хороо болон гадаадад байгаа иргэдийн саналыг авах төв, салбар комиссыг байгуулна. Тавдугаар сард намууд нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулах юм.

Зургадугаар сард саналын хуудас хэвлүүлэх, санал авах машинаа турших, хэсгүүдэд хүргүүлэх болон нэр дэвшигчийн сурталчилгаа явах юм. Сонгуулийн дараах саруудад буюу 7-10 сард зардлын тайланд аудит хийхээр товлолоо хэмээн мэдээлэв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ