Сэлэнгэ аймагт агаарын бохирдол бага зэргийн байгаа ч тайвширч болохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-15 12:17:59

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд агаарын чанарыг сайжруулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлыг яаравчлан хийхгүй бол “агаарын бохирдол” хэмээх үзэгдэл харангаа дэлдээд эхэлжээ.

Агаарын бохирдол хэмээх энэ үг монголчуудын үгсийн санд шинээр хүч түрэн орж ирсээр хэдэн насыг элээв. Энэ үгийг “хот” хэмээх их айлын том том үйлдвэрийн яндангаас олгойдон баагих их утаагаар төсөөлөн харж байснаас биш “агаарын ариухан хөдөө нутаг”-т амны уншлага мэт түгэн дэлгэрнэ чинээ бодсонгүй явжээ. Гэтэл өнөө л агаар нь тунгалаг Сэлэнгэ нутагт минь “агаарын бохирдол” хэмээх шинэ үг хэзээний ирээд үгсийн сангийн маань группт нэгдчихсэн байх юм. Агаарын бохирдол 2014 оноос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд бий болж, агаарын чанарыг сайжруулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлыг яаралтай төлөвлөх шаардлага тулгарч буйг анхааруулан харангаа аль хэдүйн дэлдэж эхэлсэн байна. Өмөн нь Сүхбаатар сумын агаарын чанарын төлөв байдлыг индексийн аргаар үнэлсэн суурь судалгааг явуулахад “Хэвийн” гэсэн үнэлгээ авч байжээ. Гэтэл өнгөрсөн 2016 оны сүүлээр хийсэн өргөтгөсөн судалгааг явуулахад хэмжилтийн ихэнх цэгүүд дээр агаарын чанар “Бага зэргийн бохирдолтой” гэсэн үнэлгээ гарсан байна. Энэхүү үнэлгээний гол эзэн нь агаар дахь тоос тоосонцор байгаа аж. Үүнийг сумын хэмжээнд авч үзвэл индексийн утга РМ10 тоосонцрын үзүүлэлтээр ойролцоогоор 166 буюу “Бага зэргийн бохирдолтой” гэсэн үнэлгээнд хүрч байгаа юм. Ингэж агаарын чанар бага зэргийн бохирдолтой гэж үнэлэгдсэн үед хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрдэг байна. Ялангуяа зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, мөн гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс илүү нөлөөлөлд өртдөг гэж мэргэжлийн хүмүүс айлдаж байна.  

Агаарын чанарыг бүрэн илэрхийлж чаддаггүй байна

Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албанд байгаа агаарын чанарын харуулын өнөөгийн байршил, тоног төхөөрөмж нь сумын төвийн агаарын чанарыг бүрэн илэрхийлж хараахан чаддаггүй байна.       

Бохирдуулах бодис бүрд тооцсон үнэлгээний хамгийн өндөр тоон үзүүлэлтээр тухайн үеийн агаарын чанарын индексийн ерөнхий үнэлгээг гаргадаг гэнэ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэхүү индексийг байнгын ажиглалттай 2 бохирдуулах бодисоор тооцоолдог аж. Ингэж үзэхэд Сүхбаатар сумын хувьд агаарын голлох бохирдуулагч нь азотын давхар исэл байдаг байна. Энэхүү азотын давхар исэл нь тоос тоосонцорын ажиглалт хийгдсэн тохиолдолд зэрэглэл нь өөрчлөгддөг юм байна. Агаар бохирдуулах бодисуудын агууламж нь манай орны бусад суурин газруудтай адил улирлаас ихээхэн хамаарч халаалтын улиралд нэмэгдээд зундаа буурдаг ерөнхий зүй тогтолтой ажээ. Энэ нь халаалтын зориулалтаар хэрэглэж буй түлшний хэрэглээтэй шууд холбоотой аж. Мөн бохирдол ихтэй хүйтний улиралд тухайлбал 10, 11, 12, 1, 2-р саруудад агаарын чанарын хяналт-шинжилгээний дүнгээр хүхэрлэг хий, азотын давхар ислийн хэмжээ нэлээд өндөр байдаг нь тогтоогдсон байна.

Сэлэнгэ аймгийг юу ийм “бага зэргийн үзүүлэлт”-нд хүргээд байна вэ?

Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх нь суурин газрын агаарын бохирдол тэр дундаа азотын ислүүд, озоны агууламжийг нэмэгдүүлдэг байна 

2016 оны агаарын бохирдуулах эх үүсвэрийн улсын тооллогын дүнгээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 20112 галлагаатай өрх, төвлөрсөн халаалтад холбогдоогүй 10 кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 288 аж ахуй нэгж, 11-100 кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 127 аж ахуй нэгж, 101 кВт-с дээш хүчин чадалтай Дулааны станц гурав тоологдсон байна. Эдгээр нь 127503 м³ мод, 433703 тн нүүрс, 9576 м³ үртэс, 2972 тн аргал хөрзөнг жилдээ хэрэглэжээ. Үүн дээр нэмэгдээд агаар бохирдуулагч эх үүсвэрээр Сүхбаатар сумын хэмжээнд бүртгэгдсэн 15477 тээврийн хэрэгсэл орж байгаа аж.  

Түүнчлэн Сүхбаатар сумын хэмжээнд галлагаатай айл өрх 3318, том болон бага оврын усан халаалтын зуух 15, дулааны станц-1 байгаа юм. Сүүлийн жилүүдэд агаар бохирдуулах эх үүсвэрүүдийн тоо огцом өсч байгаа нь иргэдийн автомашины хэрэглээтэй шууд холбоотой хэмээн үзэж байна. Тус сумын хэмжээнд агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр нь дулааны станц бөгөөд жилд дунджаар 30000 тн нүүрс шатааж байгаа ажээ. Дээрх галлагаатай өрхүүд нь түүхий нүүрс 5910 тн, мод 15760 тн,  дулааны станцаас гадна галлагаатай аж ахуйн нэгж 892.5 тн  Шарын гол, Улаан-Овоогийн нүүрсийг хэрэглэдэг гэсэн судалгаа байгаа юм. Агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэрт бүх төрлийн тээврийн хэрэгсэл хамаарагддаг бөгөөд Сүхбаатар сум дахь нийт тээврийн хэрэгслийн 68 хувийг суудлын автомашин, 28 хувийг ачааны автомашин эзэлж байна. Эдгээр тээврийн хэрэгслийг насжилтын байдлаар нь ангилахад 79 хувийг 11-ээс дээш жил ашигласан буюу насжилт өндөртэй, агаарт хорт хийг өндөр агууламжтай хаядаг тээврийн хэрэгсэл эзэлж байгаа аж. Автотээврийн хэрэгслээс агаарт дэгдэх хорт бодисын хэмжээ нь ашиглаж буй шатахуун, тосолгооны материалын чанар, автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалан агаарт цацагдах хорт хий өөрчлөгддөг байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс нүүрстөрөгчийн исэл, азотын ислүүд, нүүрстөрөгч, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга зэрэг 200 гаруй төрлийн хорт бодис ялгардаг байна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх нь суурин газрын агаарын бохирдол тэр дундаа азотын ислүүд, озоны агууламжийг нэмэгдүүлэх сөрөг нөлөөг үзүүлж байна.

Агаарын чанарын төвшин нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ?

Манай орны хот суурин газруудад агаарын чанарыг үнэлэхдээ агаарын чанарын индексийг ашигладаг байна. Энэхүү аргачлал нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тусгагдсан бөгөөд хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд үндэслэсэн хялбаршуулсан аргачлал аж. Агаарын чанарын индексийг 6 бүлэгт ангилан үздэг байна. Эдгээр ангилал тус бүрд харгалзах агаарын чанарын төвшинг хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллөөр нь бас хэд хэд хувааж үздэг аж. Энэхүү индексийн тоон үзүүлэлт нь 0-50 байвал цэвэр бөгөөд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүй гэнэ. Үүнийг ногоон өнгөөр тэмдэглэн харуулдаг байна. Мөн дээрх үзүүлэлт 51-100 бол хэвийн гэнэ. Үүнийг шар өнгөөр тэмдэглэдэг байна. Энэ нь агаарын чанар шаардлага хангах боловч, зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс  өртөж болох аж. Энд озон, нарийн ширхэглэгт тоосонцрын нөлөөллийн улмаас хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай байдаг байна. 101-250 байвал бага зэргийн бохирдолтойд ордог гэнэ. Энэ нь улбар шар өнгөөр тэмдэглэгддэг байна. Энд хэт мэдрэг буюу зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй  хүмүүс нөлөөлөлд нь илүү өртдөг байна. 251-400 байвал дунд зэргийн бохирдолтой байна. Үүнийг гүн ягаан өнгөөр тэмдэглэдэг. Энэ ангилал нь нийт хүн амын эрүүл мэндэд бага зэргийн сөрөг нөлөө илэрч эхэлдэг байна. Мөн хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг ажээ. 401-500 болоод ирэхээр их бохирдолтойд ордог байна. Энэ өнгийг хүрэн өнгөөр тэмдэглэдэг. Энэ нь удаан хугацаагаар гадаа байвал нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө илэрдэг байна. Дээрх индексийн тоон үзүүлэлт 500-аас дээш хүрээд ирэхээр маш их бохирдолттойд тооцогддог байна. Үүнийг улаан өнгөөр тэмдэглэдэг аж. Энэ нь нийт хүн амын эрүүл мэндэд аюултай сөрөг нөлөө үзүүлдэг байна.  

Хөрс, ус, агаарын шинжилгээг жилд 2-оос доошгүй удаа хийлгэх шаардлагатай байна

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын бохирдлын эх үүсвэрүүдийн байрлал, автомашины хөдөлгөөн, хүн амын төвлөрөл, цаг агаарын байдал, гэр хороолол, дулааны станц, халаалтын зуухнуудын галлагаа, эрчим, нүүрсний хэрэглээ зэргээс шалтгаалан бохирдож байна хэмээн аймгийн УЦУОША, БОГ-ын мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Иймд энэхүү агаарын бохирдлыг бууруулан ажиллах талаар төлөвлөгөө боловсруулсан байна. Тухайлбал агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоог багасгах, зуух, түлшийг сайжруулах, зуух ашигладаг үйлдвэр үйлчилгээний газруудыг төвлөрсөн халаалтын системд холбох. Цаашлаад хийн болон цахилгаан халаалтыг ашиглуулах зэргээр үр дүнтэй, оновчтой арга хэмжээг авах, хяналт шинжилгээний тогтолцоог боловсронгуй болгож, чадавхыг бэхжүүлэх, цар хүрээг өргөжүүлэх. Түүнчлэн суурин болон хөдөлгөөнт эх үүсвэрийн хаягдлын нөлөөллийн төвшинг тогтоох зэргээр шинжилгээ судалгаа хийж, хяналтыг сайжруулан ажиллах нь чухал гэж үзэн зөвлөмж боловсруулсан байна. Энэхүү зөвлөмжөө

-Агаарын бохирдлын эх үүсвэрээс гарах бохирдлыг бууруулах хүрээнд:

-Хяналт шинжилгээ, мэдээллийг сайжруулах хүрээнд:

-Бодлого, зохицуулалт, хот байгуулалтын хүрээнд гэсэн гурван хэсэгт хуваан арга хэмжээ авч явуулахаар төлөвлөгөө боловсруулсан байна.  Харин аймгийн МХГ-ын зүгээс агаарын бохирдлоос салахад ААН-үүд хариуцлагатай байж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө хагас, бүтэн жилээр боловсруулан, батлуулж ажиллах юм болно. Мөн мэргэжлийн байгууллагаар газрын төлөв байдал чанарын хянан магадлагаа хийлгэж, дүгнэлт гаргуулан ажиллах юм бол энэ байдлаас урьдчилан сэргийлж чадна хэмээн үзэж байгаа юм. Мөн байгууллага, ААН-үүд тухайн жилийнхээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд орсон ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэх. Хамгийн чухал нь хөрс, ус, агаарын шинжилгээг жилд 2-оос доошгүй удаа тогтмол хийлгэж, шинжилгээний дүгнэлтээр гарсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч, байгаль орчны менежментийн тайландаа тусгах ажлыг тогтмол хариуцлагатай хийгээд явах юм бол агаарын бохирдол хэмээн үг мартагдах болно гэж МХГ-ын улсын байцаагч хэллээ.

Сэлэнгэ аймаг 21-р зуунд утаа үйлдвэрлэсээр байх уу?

Энэ асуултанд аймгийн Засаг дарга ийн хариулт өгч байна. Тэрээр:-“Энэ асуудлыг бид цаг алдахгүй шийдвэрлэх ёстой. Манай аймаг энэ жил “бага зэргийн бохирдолтой” гэсэн үзүүлэлтэй гарсан байна. Гэхдээ үүнд тайвширч болохгүй, цаашдаа дийлэхгүй хэмжээнд хүргэвэл ямар болох вэ гэдгийг Улаанбаатар болоод Дархан-Уул аймгийн жишээн дээр тод харж болохоор байна. Тэгэхээр өнөөх нэгдсэн нэг халаалттай болох Дулааны цахилгаан станцын тухай эргээд ярих хэрэгтэй болж байна. Аймгийн маань айл, өрхүүд 21-р зуунд тус тусдаа галаа түлж утаа үйлдвэрлээд байх уу? Эсхүл нэгдсэн нэг халаалттай, цэвэр бохир устай, тохилог байранд амьдрах уу. Ийм л үүднээс Сэлэнгэ аймагт дулааны станцыг ажил болгоё гэж би зорьж байгаа. Цаашлаад хүн амын төвлөрөл ихтэй Мандал, Сайхан сумдын шинэ удирдлагууд үйл ажиллагааны хөтөлбөртөө утаагаа бууруулах, багасгах талаар тодорхой асуудлуудыг тусгасан байгаа” гэлээ.  

Сүүлийн үед хот гэлтгүй орон нутагт ч агаарын бохирдол үүсэх магадлал өндөр болж байна. Ялангуяа өвлийн улиралд түлээ, нүүрсний хэрэглээ эхэлсэн үед илт харж болохоор болжээ.

Энэ байдлаас хэрхэн салах, цаашид нэмэгдүүлэхгүй байх талаар ямар ажил арга хэмжээ авч явуулбал зүгээр вэ гэсэн асуултанд Сүхбаатар сумын “Хонгор морьт”-ын 1-р багийн иргэн Т.Доржсүрэн:-“Төрийн минь мэргэн ухаан нэгийг сэдэхгүй бол удахгүй Монгол орон тэр аяараа утаанд дарагдах магадлал өндөр байна. Төвлөрсөн бүх хотуудын оршин суугчдыг нийтийн халаалтад холбох том аян өрнүүлэх цаг болсон биш үү. Утаа бууруулахад зарцуулдаг тэр их мөнгөөр хичнээн шугам хоолой тавьж, хичнээн айл өрхийг дулаанд холбож болох вэ. Бодмоор л байна” хэмээв.

Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ