Үндэсний бичиг соёлын өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-16 10:21:25

Үндэсний бичиг соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, сум даяараа монгол бичигтэн иргэд болох зорилгоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын бүрэн дунд сургуулиас үндэсний бичиг соёлын өдөрлөг зохион байгууллаа.

“Үндэсний бичиг соёлоо дэлгэрүүлэгч Хутаг-Өндөр сум нэг сарын аяны” хүрээнд хийсэн энэ өдөрлөгт сумын төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд идэвхтэй оролцож монгол хэл, бичгийн мэдлэгээрээ өрсөлдсөнөөс Хантай багийн “Соёмбо баг” тэргүүн байрыг эзэлж, сум дундын хүн эмнэлэгийн “Өв соёл баг” дэд, бүрэн дунд сургуулийн  “Хүмүүн бичиг баг” гутгаар байрыг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, хонь ямаагаар шагнуулжээ. Мөн сумын сайхан бичигтнээр Б.Үнэнбаяр, Н.Батмөнх, Б.Туяацэцэг нар шалгарсан байна.

-Монгол бичигтэй бичвэрийг крилл рүү хөрвүүлэх, монгол бичгийн цахим орчинд ажиллах, хурдан уншлагын уралдаан зэргээр өрсөлдсөний дээр гэрийн даалгаварт “Баатар вангийн нутаг” дууг монгол бичгээр урлан бүтээх даалгавар өгч шалгаруулсан. Энэ дууг бэлэг дурсгалын хэлбэрээр шүрээр урлан самбар хийх, эсгий урлалаар бүтээх, чулуун дээр сийлэх зэргээр өвөрмөц байдлаар бүтээсэн нь сонирхолтой байлаа гэж сургуулийн захирал Д.Ган-Эрдэнэ мэдээллээ.

Тус сумын сургууль үндэсний өв соёл, монгол бичгээ түгээн дэлгэрүүлэхэд анхаардаг учраас өнгөрсөн онд тус сургуулийн хоёр анги “Өв соёлоо тээгч, түгээгч” улсын уралдаанд шалгарсан юм. “Хүмүүн бичиг” сониныг хамт олноороо захиалан уншдаг анги энэ сургуульд бий.

М.Батжаргал

Холбоотой мэдээ