Дэл ууланд хадны зургаас гадна эртний хэд хэдэн бичээс хадгалагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-20 20:17:49

Дундговь/МОНЦАМЭ/ Өлзийт сумын нутаг дахь Дэл уулыг хадны зургийн том “галарей” хэмээдэг. Энд хадны зургуудаас гадна эртний хэд хэдэн бичээс хадгалагдаж үлдсэн байдаг. Үүнийг түрэг судлаач, археологич Ц. Баттулга тайлж уншсан байдгийг “Дэл уулын түүх соёлын дурсгал” номоос дэлгэрүүлье.

Баруун Билүүний хаданд үлдээсэн бичээсүүдийн нэгийг үгчилбэл, “Асан дийлэх нэртэйг, өгөөмөр алдартайг ухаараг. Ухааруулагч иркин болцгоосонгүй бид. Ан авд ирцгээв бид. Цэвэр бид. Жанжин цолтой Иш Ариг чур би. Цохиж суужээ...” гэсэн бөгөөд үүнийг судлаач тайлж, тайлбарлан үлдээснийг Дундговь аймгийн толь бичгээс тодруулахад,  “Эркин цол аваагүйдээ Аригчур тэргүүт нар энд ан ихээр агнаж яваагаа үлдээсэн. Магадгүй, зүгээр нэг ирээгүй, харь гүрний эрхшээлд орсондоо сэтгэл гутан, уур цухлаа дарж ан ав хийхээр ирсэн байхыг хэн мэднэ” хэмээсэн байна.

Өөрөөр хэлбэл, уг бичээсийг Түрэгийн түрүү үеийн хаант улс мөхөж Тан улсын эрхшээлд орсон жилүүд буюу ойролцоогоор 630- 680- аад оны үед бичигдсэн гэж үзэх үндэстэй ажээ ажээ.

Харин Дэл уулын Зүүн Билүүний  хаданд  хятад ханз үсгээр 4 мөр сийлж үлдээсэн бичиг бий. Бичгийг орчуулбал, “Мэргэд туслах ордон /Линь чжоу фу шияны фу/- ы түшмэл Ченг Шиан Лүй овогт вень Дүй Линь де- гийн II он. Зургаан сарын 29- ны өдөр” гэжээ.Тан улсын Гаоцзин хааны авч хэрэглэсэн нийт 14 оны цолны дөрөв дэхь нь Линь дэ бөгөөд энэ нь манай эриний 664- 666 онтой дүйнэ. Иймд Линь дэ- гийн 2- р он гэдэг нь 665 он болно. Линь чжоу гэх нь Тан улсын үеийн нэгэн тойргийн нэр бөгөөд Ченг шиан гэдэг нь уг тойргийн албан тушаалтан, Лю вэнь нь уг бичээсийг үлдээсэн хүний нэр бололтой хэмээн тайлбарлажээ.

Хятадын хаад ноёд Монгол нутгаар дайтах юмуу аль эсвэл аялан явахдаа хадан дээр бичиг сийлж үлдээсэн нь олонтаа тохиолддогийн нэг нь Зүүн Билүүний энэхүү бичээс гэж үздэг байна

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ