Цахим ертөнц цангасан тархи илтгэлийн уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-23 17:45:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын 7-р сургуулийн Сурагчдын өөрөө удирдах зөвлөлөөс санаачлан Ховд  аймгийн ИТХ, Цагдаагийн газар, Ховд Их Сургууль, Дэлхийн зөн ОНХХ-өөс хамтран зохион байгуулсан "Цахим ертөнц-Цангасан тархи" сэдэвт илтгэлийн уралдаан боллоо. 

Уг илтгэлийн уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн 9-12-р ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулсан бөгөөд нийтдээ 100 гаруй илтгэлээс шалгарсан шилдэг 30 илтгэлийг шалгаруулж дүнгээ гаргалаа. 

Ухаалаг утас, сошиал медиа, интернэтийн зохисгүй хэрэглээний хор уршгийг өсвөр үеийнхэнд ойлгуулах, сэтгэл санаа болон бие махбодийн хохирол амсахаас урьдчилан сэргийлэх, гэр бүл, сургууль дээрээ цахимын зохистой хэрэглээний талаарх уриалгыг нийтэд хүргэх зорилготой тус уралдааныг зохион байгуулжээ.

Цахим ертөнц цангасан тархи илтгэлийн уралдааны 1-р байрыг Прогресс сургуулийн сурагч н.Оюундэлгэр, 2-р байрыг 1-р сургуулийн сурагч н.Занданхорол, 3-р байрыг 7-р сургуулийн сурагч н.Отгонбаатар нар эзэлсэн бол Уран илтгэгчээр Цаст-Алтай сургуулийн сурагч н.Батзундуй, Шинэлэг санаатай илтгэлээр 3-р сургуулийн сурагч Төрсайханы илтгэл тус тус шалгарсан байна.

Хүүхдүүд цахим ертөнцөөс зөв мэдээлэл олж авч чадахгүй, сөрөг мэдээлэлд илүү автаж, ялангуяа шилжилтийн насанд хүрч яваа хүүхдүүд бэлгийн хавьталд эрт орох, эцэг, эхийнхээ үгэнд дуулгаваргүй хандах зэрэг сөрөг үзэгдэл газар авч байгаа энэ байдлаас урьдчилан сэргийлэх зорилготой гэж уралдаан  зохион байгуулагчид үзэж  байна.

А.Бямбасүрэн

  

Холбоотой мэдээ