Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичиг барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-20 15:39:45

Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак Итгэмжлэх жуух бичгээ барив.

Жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд хатагтай Элизабет Барсакийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ албанд томилогдон ирж буйд нь хатагтай Элизабет Барсакт баяр хүргээд энэ жил Монгол Улс, Бүгд найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцаа өргөжин хөгжиж ирснийг дурдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх 11 дүгээр сарын дундуур ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 38 дугаар чуулганы хүрээнд болох Дэлхийн удирдагчдын чуулга уулзалтад оролцохын зэрэгцээ Франц Улсад айлчлах юм. Энэ талаар уулзалтын үеэр дурдав. Ирэх 2016 онд Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад Франц Улсын Ерөнхийлөгч оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч мөн хэллээ.

Энэ үеэр талууд хоёр орны хооронд боловсрол, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрчим хүчний зэрэг салбарт харилцаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэж байлаа. Мөн 2016-2018 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэх НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлж байгаа бөгөөд үүнд Францын талаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Элчин сайд хатагтай Элизабет Барсак ардчиллын замаар хөгжсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс асар хурдтай шинэчлэгдэн өөрчлөгдсөнийг дурдаж байв.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.

Холбоотой мэдээ