Пелегийн хүүг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2017-03-02 17:26:53

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Домогт хөлбөмбөгчин Пелегийн хүү болох Эдиньо-гийн /Эдсон Шолби ду Насименту/ хэргийн талаарх шинээр гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх хугацаанд түүнийг сулласан байна.

Бразилын хөлбөмбөгчин асан Эдиньо-г 2014 онд мөнгө угаасан, хар тамхины мафийнхантай холбоотой гэх үндэслэлээр баривчилжээ. Ингээд анхан шатны шүүхээс түүнд 33 жилийн хорих ял оноосон байна. Шүүгдэгч Эдиньо энэ шийдвэрийг давж заалдсан бөгөөд түүний нэхэмжлэлийг авч хэлэлцсэн давж заалдах шатны шүүхээс 33 жилийн ялыг нь 12 жил, 10 сар болгон хөнгөрүүлжээ.

2 дугаар сарын 24-нд Эдиньо шүүхээс өөрт нь оноосон ялыг эдлэхээр Сантос хотын цагдаагийн хэлтэст ирэхдээ өөрийгөө буруугүй гэдгийг мэдэгдсэн ба түүний өмгөөлөгчид шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. “Мөнгө угаасан гэж намайг буруутгаж байна. Би ийм зүйл хийгээгүй. Би сэтгэл санаагаар маш унаж байна” гэж Эдиньо ярьжээ.

Эдиньо хөлбөмбөгийн хаалгач хийж байсан бөгөөд 1999 онд 29 настайдаа тамирчны замналаа дуусгасан байна. Учир нь, түүнийг автомашины уралдаанд оролцож байх үед мотоциклийн спортын нэгэн тамирчин амиа алдсан хэрэг гарчээ. Эдиньо-г санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн хэргээр шийтгэсэн бөгөөд 2005 онд цагаатгасан аж.

Үүнээс жилийн дараа Эдиньо хар тамхины наймаа хийсэн хэрэгт холбогдон шоронд 6 сар суусан байна. Харин өмгөөлөгчид нь түүнийг уг хэрэгт холбогдолгүй болохыг нотолж чадсанаар тэрбээр суллагдсан аж.  

Өнгөрсөн оны зунаас хойш тэрбээр Бразилын "Агуа Санта" клубын дасгалжуулагчаар ажиллах болжээ.

Б.Адъяахүү   

 

Холбоотой мэдээ