Ким Жөн Намын үхэлд сэжигтнээр татагдсан Умард Солонгосын иргэнийг суллав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКУАЛА-ЛУМПУР./ВВС/. Ким Жөн Намын үхэлтэй холбогдуулан баривчлагдсан Умард Солонгосын иргэнийг Малайзын цагдаа нар өнөө өглөө суллалаа.
Малайзын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, сэжигтэн Ри Жон Чол-ыг гэм буруутайг нотлох хангалттай баримт байхгүй байна. Харин түүнийг цагаачлалын хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр албадан нутаг буцаах аж.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах болох Ким Жөн Намыг хоёрдугаар сарын 13-ны өдөр Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудалд Макао руу явах нислэгээ хүлээгээд байж байх үед нь хоёр эмэгтэй хүн нүүрэнд нь хортой бодис түрхэн хордуулж хөнөөсөн билээ. Жөн Намыг мэдрэлд нөлөөлдөг “Ви-Экс” /VX/ гэдэг маш хортой химийн бодисоор хордуулан хөнөөсөн гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргаад байгаа юм.
Вьетнам болон Индонезийн иргэн болох дээрх хоёр эмэгтэйн мэдэгдсэнээр, тэд өөрсдийгөө “хүмүүсийг чаддаг” телевизийн хошин нэвтрүүлэгт оролцож байна гэж бодож байжээ.
Малайзын цагдаа нар энэ хэрэгт холбогдуулан Умард Солонгосын өөр долоон иргэн, тэдний дотор ЭСЯ-ны ажилтныг эрэн сурвалжилж байна.
Малайзын тал энэ хэрэгт Умард Солонгосыг шууд буруутгаагүй боловч “Пхеньян ямар нэгэн байдлаар холбоотой” гэсэн таамаглал тархаад байгаа юм.
Өнөө өглөө суллагдсан Ри Жон Чол нь Малайзад гурван жил амьдарчээ. Харин түүний Малайзад ажил эрхлэх зөвшөөрөл 2017 оны хоёрдугаар сарын 6-нд дууссан учир албадан нутаг буцаах аж.
Умард солонгосчуудыг Малайзад визгүй зорчуулдаг явдлыг аюулгүй байдлын шалтгааны улмаас зогсоож байгаагаа Куала-Лумпур өчигдөр мэдэгдсэн билээ.
Г.Доржханд