Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-20 19:38:32

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмжив.

Монгол Улсад өнөөгийн байдлаар улсын 400 гаруй, хувийн хэвшлийн 1500 орчим эмнэлэг хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэж байгаа аж. Эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд суурилсан эрүүл мэндийн тогтолцооноос сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр үзүүлэх анхан шатлалын тусламж, үйлчилгээ болон амбулаторийн тусламж, үйлчилгээнд шилжих бодлогыг түлхүү анхаарч байгаа. Гэхдээ эрүүл мэндийн хэрэгцээтэй уялдсан эмнэлгийн оновчтой бүтэц, зохион байгуулалт бий болгох, санхүүжилтийн үр дүнтэй бодлого явуулах, чанартай, тэгш хүртээмжтэй тусламж, үйлчилгээг хүргэх талаар дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийж чадахгүй байгаа талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, А.Бакей, С.Одонтуяа, С.Дэмбэрэл нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Арвин Хуулийн төслийг судлах, боловсруулах ажлын хэсэг байгуулж, төслийг боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн санал хэлэхэд  гишүүд дэмжлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зөв гэж үзэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ