Өвлийн тусгай олимпийн наадамд оролцох баг тамирчдаа үдэн гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-09 15:50:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны бэрхшээлтэй иргэдийн тусгай олимпийн өвлийн наадам 2017 оны гуравдугаар сарын 14-25-ны өдрүүдэд Австри улсын дөрвөн хотноо болох бөгөөд тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо.

Манай баг тамирчид анх удаа 2013 онд БНСУ-ын Пёнчанд зохион байгуулсан өвлийн тусгай олимпийн наадамд урилгаар оролцож байсан юм. Харин манай тамирчид 2015 оны Лос Анжелес хотноо болсон зуны олимпийн наадамд 14 тамирчин оролцсон. Тэд спортын гурван төрлөөр оролцож 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байв. Энэ удаагийн наадамд 107 орны 3000 гаруй, тамирчин өвлийн спортын 9 төрлөөр өрсөлдөх юм. Манай шигшээ баг энэ удаа бөмбөгтэй хоккей, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлтийн төрөлд 14 тамирчин, гурван дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцох юм.

Энэ үеэр Монголын тусгай олимпийн хорооны тэргүүн С.Оюун үдэн гаргах ёслолыг нээж үг хэлэхдээ: "Энэхүү тусгай олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил тэгш эрхтэй эгэл нэгэн иргэн гэдгийг олон нийтэд ойлгуулах, нийгэмд таниулах зорилготой спортын их наадам билээ. Тиймээс Юнифайд буюу хамтарсан тоглолтуудыг зохион явуулдаг. Энэ нь энгийн тамирчид хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг дэмжин, хамтарч оролцохыг хэлдэг. Уг тоглолтонд Хан-Уул дүүргийн ЕБС-иуд болон 63 дугаар тусгай сургуулийн тамирчидтай хамтран оролцож байгаа гэдгээрээ онцлогтой" гэв.

Үндэсний шигшээ багийн албаны дарга, Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, бөмбөгтэй хоккейн багийн тамирчин Д.Төгөлдөрт Монгол Улсын Төрийн далбааг гардуулж өгөв.

Ёслолд Австри улсыг зорих баг тамирчдаас гадна Тусгай олимпын хорооны тэргүүн С.Оюун, БСШУЯ-ны Спортын бодлогын газрын ахлах мэргэжилтэн О.Гэрэл, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн албаны дарга, Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох болон ивээн тэтгэгчид байгууллагын төлөөлөл оролцов.

Б.Гаваа

Холбоотой мэдээ