Нүүдлийн музей Айраг сумынханд хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Энэ сарын 11-нд Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төвийн ажилтнууд Айраг сумын ард иргэдэд “Эртний соёл” нүүдлийн музейг толилуулжээ.
Тухайн сумын ард иргэдийн буй болгосон соёл, өв уламжлалыг өөрсдөд нь үзүүлэх, сурталчлах зорилгоор аймгийн музейд хадгалагдаж байгаа Айраг сумаас олдсон байгаль түүхийн болон нутгийн ард иргэдийн соёл заншлыг харуулсан 30 гаруй үзмэр, сумын орон нутгийг судлах музейгээс 20 гаруй үзмэр, нийт 50 гаруй үзмэрийг дэлгэсэн байна.
Үзмэрээс дурдвал тус сумын уран гартан Агваанзундуй гэдэг хүний бүтээсэн хоёр морин хуур сонирхол татсан аж.
Нэг нь ширэн цартай, уран зурагтай, толгой нь дохилздог бол нөгөө нь гурван толгойтой, гурван чавхдастай, орос монголын найрамдалт харилцааг илэрхийлсэн бүтээл аж.
Мөн 13-аас 14 дүгээр зууны үед холбогдох эмээл, богц, дөрөө нь Айраг сумын Хэцүү тээгийн агуйгаас олдсон байдаг аж.
Музейн ажилтнууд цаашдаа 14 сумаар тойрч нүүдлийн музей ажиллуулахаар бэлтгэл хангаж байгаа аж.
Х.Эрдэнэбулган