Гамшгаас хамгаалах нь зөвхөн төр бус бүх нийтийн хийх ажил

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-21 13:39:58

Монгол Улсын гамшгийн эрсдлээс хамгаалах төлөвлөгөөг энэ сарын 19-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар шинэчлэн баталсан байна. Энэ талаар өнөөдөр Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл нар мэдээлэл хийлээ.

Монгол төр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүрэгтэй. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө нууцын зэрэглэлтэй байсан тул иргэд, аж ахуйн нэгжүүд өөрийгөө болон, эд хөрөнгөө хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл хомс байсан. Аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн төрийн бус бүх нийтийн ажил тул энэхүү төлөвлөгөөг нийтэд ил болгохоор шийдсэн хэмээн Шадар сайд Ц.Оюунбаатар мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Монгол Улс гамшгаас хамгаалах төлөвлөгөөг 9 зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. Тухайлбал,  Эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гамшгийн нөөцийг бүрдүүлэх, хадгалах, сэлгэн зарцуулах зэргийг дурьдаж болно. Энэ төлөвлөгөөг баталснаар зуд, ган гачиг, гал түймэр, үер ус, газар хөдлөлт зэрэг аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх төрийн нэгдсэн бодлоготой болж байна гэсэн үг.

Зөвхөн ОБЕГ-ийн бие бүрэлдэхүүн гамшиг осолтой тэмцэх, таслан зогсоох бус иргэд өөрийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад суралцах хэрэгтэй. Энэ үүднээс иргэдэд гамшиг ослын үед ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ гэдгийг айл бүрт хүргэх ёстой. Энэхүү ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд хүргэхээр төлөвлөж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан удаан хугацааны, төлөвлөгөөт мэдээллийг нийтэд хүргэснээр иргэд гамшгаас өөрийгөө болон бусдын ам нас, эд хөрөнгийг авран хамгаалах боловсролтой болох юм.

Мөн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, 2010 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан. Гэтэл 2010 оны зудын дараа энэхүү өсөлт 12 болж буурсан. Тэрхүү зуд Монгол Улсад 554 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс үзэхэд улс орон тогтвортой хөгжихийн тулд гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байх ёстой гэдэг нь харагдаж байна. Төлөвлөгөө бол гамгаас үүдэлтэй хохирлыг хамгийн бага хэмжээнд байлгах зорилготой.

Жишээ татахад Япон Улсад болсон газар хөдлөлт болон бусад гамшгаас аврагдсан 100 хүн тутмын 80-ийг нь хөршүүд нь аварсан байдаг. Харин Монгол Улсад энэхүү 80 хүнийг Онцгой байдлын алба хаагч аварсан байдаг. Тэгэхээр иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг улс оронд ямар давуу тал бий болгож байна вэ гэдгийг харж болно” хэмээв.

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Эмнэлэг сургуулийн байр газар хөдлөлтийн үед нурах магадлал өндөр байгаа талаар Ерөнхийлөгч мэдээлж байсан. Газар хөдлөлтийн үед сурагч болон өвчтөнүүдээ хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Эмнэлэг, сургуулийн барилгыг гамшгийн дараа хоргодох байр болгон ашиглах ёстой. Гэтэл манайд бол эмнэлэг, сургуулийн байр маш эрсдэлтэй байна. НМХГ, Японы Олон улсын хамтын ажиллагааны төсөлтэй хамтран 413 орон сууны барилгад эрсдлийн үнэлгээ хийсэн. Үүнээс 166 барилга нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүн гарсан. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг барилгуудад ч судалгаа хийж үзсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л сургууль, цэцэрлэгийн зориулаттай зургаан барилгыг акталсан. Сургууль цэцэрлэгийг акталж, хүүхдийн сурч боловсрох нөхцлийг дордууллаа гэхээс илүүтэйгээр газар хөдлөлтийн гамшгаас хүүхэд багачууд, багш ажилчдыг хамгаалах хүрээнд хийж байгаа ажил гэдгээр нь харах хэрэгтэй.

-Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжгүй. Тэгэхээр газар хөдлөлтийн гамшгаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

-Өнөөдөр хэрэглэж байгаа багаж Улаанбаатар хотоос 500 км хол хөдөлсөн газар хөдлөлтийг мэдрэх чадалтай. Гэхдээ газар хөдлөлт асар богино хугацаанд болдог тул нийслэлээс 20, 30 км зайтай байгаа газар хөдлөлтийг нийслэлд мэдээллэх ямар ч боломж байхгүй. Энэ бол зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байна гэдэг бол нэгэнт урьдчилан мэдэх боломжгүй газар хөдлөлтөөс хамгаалахын тулд бид барилга, байгууламжийнхаа чанарыг сайжруулах ёстой.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ