“Зөв бүртгэл” хөтөлбөр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-15 19:24:52

Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн Засаг дарга “Зөв бүртгэл” хөтөлбөр батлан гаргалаа.

Аж ахуйн нэгж, байгууллагын анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлт шаардлагын хэмжээнд хүрэхгүй, өр авлага буурахгүй, санхүүгийн зөрчил дутагдал байнга гарч байгаа учраас энэ хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлэхээр болсон байна.

-Сангийн Яамны санхүүгийн тайлангийн “E-balance” программын нэгтгэлд манай аймгийн 1004 аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс тайлан гаргалт 86,5-88,9 хувьтай байгаа юм. Зарим аж ахуйн нэгжүүд нягтлан бодогчгүй, удирдлага нь санхүүгийн мэдлэг хомс, өөрөө санхүүгийн тайлан гаргаж байгаа нь тайлан хүлээн авах, аймгийн хэмжээнд нэгтгэх ажилд хүндрэл учруулж байна. Нийт аж ахуйн нэгжийн 65,8 хувь нь орон тооны мэргэжлийн нягтлан бодогчгүй байгаа. Аж ахуйн нэгж, байгууллага татварын тайланг улирал тутам гаргадаг хирнээ санхүүгийн тайланг гаргах, аудитын хуульд заасны дагуу аудитаар баталгаажсан тайлан ирүүлэхгүй, хангалтгүй ажиллаж байна. Тиймээс хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэхээр боллоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга О.Наранжаргал хэллээ.

Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын анхан шатны боло нягтлан бодох бүртгэл хөтлөлт, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, санхүүгийн тайлагналын олон улсын стандартын хэрэгжилтийг сайжруулах, санхүүгийн ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хариуцлагыг сайжруулах зорилгыг хэрэгжүүлэх юм.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүснээр санхүүгийн зөрчил буурахын дээр татварын орлого нэмэгдэж, төсвийн орлого бүрдүүлэхэд сайнаар нөлөөлөх үр дүнг хүлээж байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ