Өлзийт суманд загсгалтай ногоон цай үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Өлзийт суманд үйлдвэрлэдэг загсгалтай ногоон цай худалдан авагчдын сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан байна. Говийн хөрсөнд ургадаг загсгал хэмээх модлог ургамлыг жижиглэж ногоон цайтай хольж савласнаар эрүүл мэндэд тустай цайны нэгэн төрлийг бий болгожээ.
Энэ цайг 2013 оноос эхлэн иргэн О. Тэгшбаяр захиралтай “Хув шанд” ХХК үйлдвэрлэж эхэлсэн байна. Өлзийт сум Дундговь аймгийн өмнөд хэсэгт өргөн уудам говь талыг эзлэн оршдог бөгөөд говийн загсгал энэ сумын нутагт ургадаг юм. Загсгал нь бөөрний үрэвсэл анагааж, ядаргаа тайлж тамир тэнхээ сэргээдэг, бие эрхтэнд амин дэм болохуйц эмчилгээний чанартай ургамал. Говийнхон загсгалыг хандалж ууж хэрэглэдэг бөгөөд О. Тэгшбаяр эл ургамлыг хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд зориулж ийнхүү цай болгон үйлдвэрлэдэг болсон гэлээ.
Загсгалтай ногоон цай Өлзийт сумын брэнд бүтээгдэхүүн бөгөөд сүүлийн үед аймгийн төвийн хэрэглэгчдэд эрэлттэй бүтээгдэхүүн болоод байна.
Т. Отгонтуяа