Марш тактикийн тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймагт жил бүр Зэвсэгт хүчний ойн баярын үеэр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн болдог юм. Энэ жилийн тэмцээнийг “Залуу жанжин” хэмээн өргөмжлөгдсөн Монгол улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн мэндэлсний 105 жилийн ой тохиож байгаатай уялдуулан түүний нэрэмжит болгон зохион байгууллаа.
Тэмцээнд Зэвсэгт хүчний 234-р анги, Хилийн цэргийн 0286-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 439-р анги, цагдаагийн газар, онцгой байдлын газар зэрэг 6 байгууллагын 7 баг оролцов.
Жагсаал, гардан байлдааны үзүүлэх тоглолт, марш, гүйлтийн тэмцээн, буудлага, цэргийн байр зүй, түймрийн голомтоос шархтан, сум хэрэгсэл татан гаргах зэрэг даалгавар, нормативыг гүйцэтгэж өрсөлдөж хурандаа Н.Жаргалсайхан захирагчтай ХЦ-ийн 0286-р ангийн дэслэгч Г.Батхүү захирагчтай тасаг тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо.
Цагдаагийн хурандаа З.Гомбо даргатай цагдаагийн газрын цагдаагийн дэслэгч Ц.Цогтбаяр даргатай тасаг, хурандаа Д.Энхцог захирагчтай Зэвсэгт хүчний 234-р ангийн дэслэгч Э.Ренчиндорж захирагчтай тасаг хоёр, гуравдугаар байранд шалгарлаа.
М.Батжаргал