Хүүхдүүдийн 62 хувь нь архидалтаас хүчирхийлэл үүддэг гэж үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-21 13:29:05

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хүүхдүүдийн 62 хувь нь архидалтаас хүчирхийлэл үүддэг гэж үзсэн байна.

Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгээр гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаас онцлох таван заалтыг танилцуулж, гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог тухай хамтдаа ярилцаж сурагчдын санал бодлыг сонссон байна. 
Энэ үеэр сурагчдын дунд гэр бүлийн хүчирхийллийн талаар  санал асуулга явуулахад  82 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн талаарх анхан шатны ойлголттой байжээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл нь архинаас үүдэлтэй гэж 62 хувь нь, гэр бүл салалтаас үүдэлтэй гэж 38 хувь нь үзсэн байна. Дээрх хэлэлцүүлгийг тус сумын сургууль, сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулжээ. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ