Газар хөдлөлтийн үед Даланзадгадыг дөрвөн чиглэлд нүүлгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-21 14:33:30

Өмнөговь /МОНЦАМЭ/ Газар хөдлөлтийн үед Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумыг дөрвөн чиглэлд нүүлгэн шилжүүлэх байршлыг тогтоож байна.

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр улс даяар дээрх өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээд Өмнөговь аймагт нэлээд ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь газар хөдлөлтийн үед аймгийн төвийг нүүлгэн шилжүүлэх байршлыг гаргаж байна. Мөн тус  сумын барилгуудын газар хөдлөлтөд хэр тэсвэртэй байх болон барилгын насжилтын талаарх бүрэн судалгааг аймгийн Онцгой байдлын газраас гаргажээ.

Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан хошууч Ч.Бат-Эрдэнээс энэ талаар тодруулахад "Даланзадгадад сүүлийн үед барьсан барилгууд 7 баллын газар хөдлөлт тэсвэртэй гэсэн үнэлгээг мэргэжлийн хяналт гаргасан байдаг. Харин хуучин барилгууд насжилтаас хамаарч өөр өөр тэсвэртэй байх судалгаа гарсан" гэлээ. 

Дээрх өдрийг тэмдэглэхдээ сургуулийн сурагчдад танхимын сургалт явуулах, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх гарын авлага иргэдэд тараах аж. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ