Мөнгөний бодлого болоод инфляцийн талаар мэдээлэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Сүхбаатар аймаг дахь салбарын захирал Ц. Мөнхбаяр аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзаж, Монголбанкны мөнгөний бодлого болоод инфляцийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
"Мөнгөний бодлого бол үйлдвэрлэл эрхэлж байгаа, мал аж ахуй эрхэлж байгаа, мөн баялаг бүтээж байгаа хүнд нийцтэй байх гол зорилготой. Тийм ч учраас бидний зүгээс хэвлэл мэдээллийн ажилтнуудтай бодлого чиглэлээ нийцүүлэх, тэдэнтэй ойлголцохыг хүссэн юм. Ер нь аймаг орон нутгийн мөнгөний бодлогын арга хэрэгсэл сангийн бодлоготой нийцэж байвал бидэнд ямар үр дүнтэй байх юм, энэ хоёр бодлого нийцсэнээрээ манай үйлдвэрлэл эрхлэгчдэд ямар тааламжтай нөхцөл бий болгох юм, найман хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлэхэд ямар саад бэрхшээл байгаа юм гээд олон асуудлыг ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо гэж үзэж байна..." гэдгийг уулзалтыг зохион байгуулагчид онцолж байлаа.
Уулзалтад орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хоёр телевизийн ажилтнууд болоод аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн мэргэжилт, мөн Монголбанкны Сүхбаатар аймаг дахь салбарын мэргэжилтнүүд оролцлоо. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг олон нийтэд таниулахад хэвлэл мэдээллийн ажилтнууд маш чухал учраас энэхүү уулзалтыг зохион байгуулжээ.
Эцэст нь уулзалтанд оролцогчид, эдийн засгийн нөхцөл байдал гэдэг бол өдөр тутамд өөрчлөгдөж байдаг учраас дараа улс орон болоод аймаг орны эдийн засгийн нөхцөл байдал цаашлаад гадаадын төлбөр тооцооны асуудлаар уулзаж, ярилцаж байх нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.
Т. Одончимэг