Галактикийн төвөөс холдсоор байгаа хар нүхийг олж илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2017-03-24 12:22:19

НЬЮ-ЙОРК./TASS/. Галактикийнхаа төвөөс 35 мянга гаруй гэрлийн жилийн зайд холдон шилжсэн хэт их масстай нэгэн хар нүхийг Америкийн эрдэмтэд олж илрүүллээ.

Хар нүх ийнхүү холдон шилжсэн нь хоёр галактик болон тэдгээрийн хар нүхнүүд нь хоорондоо нийлснээс үүссэн татах хүчний долгионтой холбоотой гэж үзэж байгаагаа НАСА пүрэв гарагт мэдэгджээ.

Hubble болон Chandra сансрын дуран авайнуудын тусламжтайгаар олж авсан мэдээллүүдийг эрдэмтэд хооронд нь харьцуулан үзсэн байна.

Тэдний олж мэдсэнээр, хар нүх байгаа гэдгийг 3C 186 гэдэг нэртэй квазар илтгэж байгаа аж. Хамгийн гол нь уг квазар ер бусын байрлалтай байсан нь эрдэмтдийн анхаарлыг татжээ.

Судалгааг удирдсан Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтэн Марко Киябержэ ярихдаа “ердийн хэлбэртэй галактикийн төвөөс холдон шилжиж буй квазарыг олж харна гэж би огт бодоогүй. Ер нь бол, хар нүхнүүд галактикийн төвд байдаг бол уг квазар төвөөс хол байгаа нь ер бусын үзэгдэл юм” гэлээ.

Судлаачдын тооцоолсноор, Нарны массаас нэг тэрбум дахин их масстай уг хар нүх галактикийн төвөөс цагт 7 сая 600 мянган км-ийн хурдтайгаар холдож байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, Дэлхийгээс Сар хүртэлх зайг гуравхан минутанд туулж байна гэсэн үг.

Хар нүхнүүд нь асар их масстай бөгөөд түүний таталцлын хүчнээс гэрэл ч гарч чаддагүй аж. Эдгээр биетүүд нь ямар ч гэрэл цацруулдаггүй боловч түүний ойр орчим дахь рентген цацруулалтыг одон орны физикчид илрүүлж чадсан байна.

Х.Сарнай    

Холбоотой мэдээ