Баянхонгорт тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-25 21:43:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр Баянхонгор аймагт ажиллаж /2017.03.24/, салбар байгууллагын мэргэжилтнүүдтэй уулзалт хийв. Тэрээр яамны зүгээс баримтлах бодлого зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын тухайд товч мэдээлэл хийсэн.

Түүний дараа, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай нэг тэрбум 235 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутагт хийх хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Хөрөнгө оруулалтыг орон нутагт татсанаар нийгмийн хамгааллын чиглэлээр болоод нийгмийн анхаарах шаардлагатай бүлгүүдэд бодитой дэмжлэг болохыг аймгийн Засаг дарга Г.Батжаргал илэрхийлэв. Тус гэрээний хүрээнд орж ирэх санхүүжилтээр Баянхонгорын залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд чиглэсэн ажлууд хийгдэх аж. 

Мөн өдөр Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нар Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцлаа. Мэргэжлийн боловсролын төвийн үйл ажиллагааг сайжруулах, цар хүрээг өргөтгөх үүднээс зарим сургуулиудын чиг үүргийг өөрчлөх шаардлагатай тухай албаныхан онцолж байсан. Салбарын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлаж мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх бодлого барьж байна. Тиймээс мэргэжлийн чиг баримжаа олгож буй өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагад анхаарах зүйлс байгааг уулзалтын үеэр хэлэв. 

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ