Тойрог хөдөлгөөнтэй нисэх онгоцны буудлын төслийг боловсруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-03-28 15:58:40

ГААГ./ТАСС/. Тойрог хөдөлгөөнтэй нисэх онгоцны буудал нь олон давуу талтай бөгөөд нисэхийн салбарын ирээдүй юм гэж энэ чиглэлийн төслийг хэдэн жилийн турш боловсруулж буй Нидерландын эрдэмтэн Хенк Хесселинк үзэж байна. 

“Ийм нисэх онгоцны буудлын нисэх, буух зурвас дээрх дугуй хэлбэрийн дурын цэгээс онгоцууд нисч, газардах боломжтой. Ингэснээр, жишээлбэл, хажуугийн хүчтэй салхи зэрэг цаг агаарын таагүй нөхцөлд хэцүү төвөгтэй маневр хийх шаардлагагүй болох юм. Учир нь нисгэгчид аль ч талаас онгоцоо газардуулах боломжтой болно” гэж эрдэмтэн онцлон тайлбарласан байна.

Х.Хесселинкийн хийсэн тооцоогоор, уг зурвасын голч нь 3,5 км-ээс дээш байх шаардлагатай аж. “Мэдээж хэрэг, нисэх онгоцны буудлын барилга голд нь байрлах болно” гэж тэрбээр нэмж хэллээ.

Түүний хэлснээр, ийм нисэх онгоцны буудалд онгоцууд хэцүү төвөгтэй маневр хийх шаардлагагүй болсноор түлш хэмнэх зэрэг давуу талтай аж. Үүнээс гадна хэт их чимээ шуугианыг багасгах боломжтой юм. “Цаг агаар хэвийн байх үед онгоцны хөөрөлт болон буултыг хүн ам суурьшсан газраас зайдуу зурвас дээр хийж болно. Харин илүү ойрхон зурвасуудыг зөвхөн онцгой тохиолдлуудад үед ашиглаж болно” гэсэн санааг тэрбээр дэвшүүлжээ.

Үүнтэй төстэй хэд хэдэн туршилтыг 1960-аад оны үед АНУ-д хийж байсан боловч удалгүй тэгсхийгээд замхарсан байна. “Тухайн үед технологи сайн хөгжөөгүй байсан учраас бүтэлтэй болоогүй. Нисгэгчид хараа, мэдрэмжиндээ л найдаж баримжаалдаг байсан. Харин одоо бол онгоцнууд болон нисэх онгоцны буудлууд хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон. Ийм учраас миний боловсруулсан төсөл амжилттай хэрэгжих бүхий л нөхцөл бий” хэмээн эрдэмтэн онцоллоо.

Гэхдээ уг санааг амьдралд хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгохын тулд дахиад хэдэн жил хүлээх хэрэгтэй. “Зардал өндөртэй учраас одоо байгаа нисэх онгоцны буудлууд зардлын бүрэн шинэчлэл хийхгүй нь ойлгомжтой. Гэхдээ шинээр баригдах онгоцны буудлууд энэ санааг хэрэгжүүлэх бүрэн боломжтой” гэж Х.Хесселинк эцэст нь онцлон хэллээ.

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ