Шинэчилсэн хуулийнхаа дагуу Цагдаагийн алба хаагчид тангарагаа өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ” гэж Цагдаагийн алба хаагчид өнөөдөр тангараг өргөлөө.
Цагдаагийн албаны тухай хуулийг энэ оны 2 дугаар сарын 9- ны өдрийн УИХ- ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэчлэн найруулж, гуравдугаар сарын 2- ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Шинэчлэн мөрдөж байгаа хуулийнхаа дагуу Цагдаагийн алба хаагчид тангараг өргөсөн нь энэ юм. Мөн шинэчлэн батлагдсан хуулийнхаа эх бичвэрийг ч ёслол хүндэтгэлтэйгээр заллаа.
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн авулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуулиар хүлээн ажилладаг цагдаагийн алба хаагчдын эрх зүйн орчинг тодорхой болгохоор 1993 онд цагдаагийн байгууллагын хууль анх батлагдаж 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байдаг. Энэ хууль цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэн жигдэлж, материал техникийн хувьд бэхжүүлэн, цагдаагийн албыг хөгжихөд чухал хувь нэмэр оруулсан байна. Хорин жил хүчин төгөлдөр мөрдөгдсөн энэ хуулийг 2013 онд Цагдаагийн албаны тухай хууль болгон шинээр баталж 2014 оны 1 сарын нэгнээс мөрдөж эхэлсэн. Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах гэдэг байсныг шинэ хуулиар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэмээн өргөжүүлсэн.
Харин энэ оны 2 дугаар сард хуулийг дахин шинэчлэн найруулахдаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүй нийгмийн байдлыг илүү тодорхой тусгаж өгсөн байна.
Энэ бүх хугацаанд хийсэн хуулийн шинэчлэлүүд цагдаагийн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх явцад тулгардаг хүндрэл бэрхшээлийг шийдэхэд чухал алхмууд болж ирсэн гэдгийг өнөөдрийн ёслолд хүрэлцэн ирсэн Цагдаагийн үе үеийн алба хаагчид онцлон хэлж байсан юм.
Олон нийтийн дэмжлэг, хүндлэлийг олж, тэдний санаа бодол, дэмжлэгт тулгуурласнаар цагдаа амжилттай ажилладаг байна. Энэ үүднээс цагдаа олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны шинэ агуулгыг 2014 оноос мөрдөж эхэлсэн цагдаагийн албаны тухай хуульд тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, Олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаа гэсэн бүлгийг хуульд оруулж өгсөн. Энэ сараас эхлэн мөрдөж байгаа хуульд ч энэ заалтууд хэвээр хадгалагдаж байна.
Т. Отгонтуяа