Модны тарьц, суулгацыг гаднаас авах шаардлагагүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-30 23:10:09

Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн ногоон байгууламж энэ жил 20 га- гаар өргөжинө. Энэ хаврын ойжуулалтад зориулж 25- 30 гаруй мянган тарьц, суулгац нийлүүлнэ гэж Сум дундын Ойн ангийн дарга Ц. Галбадрах хэллээ.

Хайлаас, шар хуайс, улиас, чацаргана, сухай, агч, голт бор зэрэг 6- 7 төрлийн модны тарьц, суулгацыг төрлөөс нь хамааран 1000- 4500 төгрөгийн үнэтэйгээр захиалагчиддаа нийлүүлэх юм байна. Үнэ ханшийн  хувьд анх тогтоосноосоо өсөөгүй гэлээ.

Захиалагчдын авах сонирхолтой суулгац нь хайлаас. Өөрийн орон нутгаас үрийг нь бэлдэж ургуулсан болохоор шилжүүлэн суулгасан хөрсөнд дасан зохицож ургахаар илүү, ус бага байсан ч ургаж чаддаг тул ийнхүү хайлаас тарих сонирхол давамгай байдаг ажээ.

Энэ жил Мандалговь хот  доторхи замын дагуу мод тарих нь хотын захирагчийн албаны төлөвлөж байгаа томоохон ажил болж байгаа. Ингэхдээ ч мөн хайлаас тарина. Ургалт илүүгээс гадна хэлбэржүүлж тайралт хийж болдог тул хот доторхи ногоон байгууламжид илүү  зохицно гэж үзэж байгаа бөгөөд үүний бүх тарьцыг Ойн анги нийлүүлэх юм байна.

Сум дундын Ойн ангийн мод үржүүлгийн талбайг 2007 онд аймгийн Байгаль орчны газар байгуулж байсан. 2012 оноос эхлэн Сум дундын Ойн анги болж, 4 орон тоотой БОАЖ- ын газрын дэргэд ажиллаж байгаа юм.  Ойн ангитай болсноор Дундговь аймгийнхан модны тарьц, суулгацаа гаднаас авдагаа больж, дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна хөрш зэргэлдээ Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн зарим сумаас тарьц, суулгацын захиалга авдаг болжээ.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ