Сэлэнгэ аймаг 2000 га талбайд ойжуулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-31 16:54:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2017 онд 2000 га-д ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөсөн байна.  Тус аймаг ойн нөөц, талбайн хэмжээгээрээ улсын хэмжээнд Хөвсгөл аймгийн дараа 2-рт ордог. Нийт ойн сангийн талбай 1.9 сая га юм. Энэ нь маш их хэмжээний нөөцтэй гэдгийг харуулж байгаа ажээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойн сангийн 40 гаруй хувийг ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүд эзэлдэг байна. Өнөөдрийн байдлаар 180 нөхөрлөл байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн ойн сангуудад явуулж байгаа аж.

Энэ жил хийх ойжуулалт, нөхөн сэргээлтийн 200 га талбайг Мандал суманд хийх бөгөөд байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардлаар, 30 га-г нь улсын төсвийн хөрөнгөөр хийх гэнэ. Эдгээр ажлуудын тендэр зарлагдаад хийгдэж байгаа гэлээ.

Өнгөрсөн жил мөн энэ хэмжээний га-д нөхөр сэргээлт хийгдсэн байна. Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа:”Ойг зүй зохистой ашиглах ёстой. Ойг хамгаална гэдэг маань зөвхөн тарьж ургуулаад, хав дараад байх явдал биш юм. Ногоон модыг тайраад байх биш хаягдал мод, ойгоос цэвэрлэгээгээр гарсан мод, мөн ашиглахаар заагдсан ургалт зогссон моднуудаа эдийн засгийн эргэлтэнд оруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнээ Монгол Улсын хэмжээнд цаашлаад дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй” хэмээн ярилаа. Сэлэнгэ аймагт бусад аймгуудад ургадаггүй 5 төрлийн зүйлийн шилмүүст мод тавуулаа ургадаг байна. Тодруулбал нарс, шинэс, гацуур, жодой, хуш. Үүгээрээ Сэлэнгэ аймаг онцлогтой ажээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ