Сувилагч бүсгүйд туслах хандивын аян өрнөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-31 16:56:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн НЭ-ийн Хүүхдийн тасгийн сэхээний сувилагч Д.Оюунсүрэнгийнд шинэ байшин барьж өгөх "Халуун сэтгэл" аян өрнөлөө.

Олон улсын Сувилагчийн өдрийг угтан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албанаас "Халуун сэтгэл" аяныг санаачлан хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү аян нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн сэхээний сувилагч Д.Оюунсүрэнгийнд шинэ байшин барьж өгөх үндсэн зорилготой аж.  Халуун сэтгэлийнхэн энэ сарын 30-ны дашнямтай билэгт сайн өдрийг сонгон шинэ байшингийн шавыг тавилаа. Сувилагч Д.Оюунсүрэн нь түмэн олноо "Судас Оюунсүрэн” хэмээн танигдсаныг хамт олон нь бахархан ярьж байлаа. Тэрээр бүхий л сэтгэл зүрхээ эзэмшсэн мэргэжилдээ шингээж, хүүхдийн сэхээний тасагт 25 дахь жилдээ ажиллаж байгаа энгийн эгэл даруухан нэгэн ажээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны дарга Б.Мөнхцацрал: “Д.Оюунсүрэн маань бүхий л сэтгэл зүрхээ ажилдаа зориулдаг нэгэн. Өөрөө элэгний С вирусээр өвдөж тэр нь нүдний хүндрэлээр хүндэрсэн байдалтай байгаа. Хүнд нөхцөлд ажиллаж амьдарч яваа. Бидний санаачилсан аянг аж ахуйн нэгж, байгууллага хамт олон, иргэд дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ. Аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга бөгөөд МАН-ын хорооны дарга Ш.Оргил нар энэхүү аянд нэгдэж дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Сувилагч Д.Оюунсүрэн Сүхбаатар сумын 6-р багийн 2-р хэсэгт нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг ажээ. Энэхүү хандивын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг, аймгийн НЭ-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, Монгол Улсын гавъяат эмч Г.Тунгалаг болон нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчид оролцоо.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ