ОХУ-ын хориг Өрнөдөд хүнд цохилт болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-22 13:57:40

МОСКВА. /TASS/. ЕХ-ны орнуудад авсан ОХУ-ын хариу хориг арга хэмжээ хүнд цохилт болж байна. Өрнөдийн орнууд болон ОХУ хоорондын санал зөрөлдөөн удахгүй шийдэгдэнэ гэж Унгар найдаж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Петр Сзижарто мэдэгдэв.

“ЕХ-ны нэг хэсгийн хувиар бид нийтлэг үзэл бодлоо хуваалцах хэрэгтэй” гэж Сзижарто ОХУ-ын “Lifenews” телевизэд өгсөн ярилцлагадаа дурдав.

“Донбасс бүс нутгийн хямралыг зохицуулах Минскийн гэрээг бүрэн хэрэгжүүлэх нь ОХУ-д авсан хоригийг цуцлах урьдчилсан нөхцөл болж болох юм. Энэ байдал хурдан бий болно гэж бид найдаж байна. Учир нь ОХУ-ын хариу хориг арга хэмжээ маш хүнд цохилт болж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

ЕХ болон Евразийн эдийн засгийн эвсэл /ЕЭЗЭ/ хоорондын хамтын ажиллагаа хэрэгтэй байна гэсэн Германы Канцлер Ангела Меркелийн байр суурьтай Унгар санал нэгтэй байгааг тэрбээр онцолжээ.

ЕЭЗЭ нэгдсэн холбоо энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд үүнд ОХУ, Беларусь, Казахстан, Киргизстан зэрэг улс багтдаг байна.

“Украины байдал тогтворжиж, Минскийн гэрээ хэрэгжинэ гэж бид найдаж байна. Ингэснээр ОХУ болон ЕХ хооронд шинэ харилцаа бий болгох боломжтой юм. Бидний хувьд ОХУ үргэлж чухал түнш байсан боловч одоо тийм биш болсон. Энэ нь эдийн засгийн асуудлаас үүдэлтэй бөгөөд үүнийг удахгүй арилгана гэж найдаж байна” хэмээн тэрбээр ярьжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ