Хүмүүст “жин цохих” хэмээх зовиур тохиолдох нь олонтаа болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-02 14:05:27

Дундговь/МОНЦАМЭ/ Эмнэлэгт хийлгэсэн шинжилгээ оношлогооны хариу хэвийн гардаг ч юунаас шалтгаалсан нь мэдэгдэхгүйгээр бие зовиурлах явдал хүмүүст тохиолдох нь олонтаа болжээ.  Хүмүүс  үүнийг “жин цохих” хэмээж байна. Энэ бол анагаах ухаанд батлагдсан өвчний  жагсаалтад байхгүй. Жин цохих хэмээх энэ зовиурын талаар ахмад эмч, клиникийн профессор Д.Чимэдцэеэ өөрийн гэсэн ажиглалттай болж, 4 мянга гаруй хүнийг эмчилсэн байна.  Энэ тухайд түүнээс тодруулсан юм.

- Жин цохих гэж юуг хэлж байна вэ?  

-Намайг бага байхад, “Тэр гуай зайлуул, халууцаж байгаад хувцасаа тайлаад хөлс цохиулаад нас барж гэнэ. Нүүж яваад хүүхдээ өөжингөөс аваад хөхүүлсэн чинь хөлс цохиулчихаж гэнэ гэж ижий, аав ярихыг сонсч байсан. Харин дөч гаруй жил эмч хийхэд ийм тохиолдолтой таарч байгаагүй. Жин цохих бол олон улсын анагаах ухааны өвчний ангилалд ороогүй. Харин Орост бол салхи цохиулна гэж ярьдаг. Тэрний нэг хэлбэр гэж миний хувьд үзэж байгаа юм. Энгийнээр ойлгоход,  хүн халахаар арьс тэлнэ. Арьсны нүх сүв томорч байгаа энэ үед нь хүйтэн агаар ороод тэр нь арьс булчингийн завсараар хүйтэн хий болж гүйж байна гэхэд болохоор юм.

- Ялангуяа Өмнөговь аймгийн иргэд жин цохино гэж ярихыг олон сонсч байсан. Дундговийнхны хувьд төдийлөн сайн мэдэхгүй байсан бол харин сүүлийн үед энэ талаар ярьдаг болсон шиг байна?

- Манай аймгийнханд жин цохих гэдэг нэг их  тохиолдоод байдаггүй. 2002 онд намайг Өлзийт суманд эмчээр ажиллаж байхад ганц нэг тохиолдол таарч байсныг тухайн үед  бумба тавиад эдгээж байсан. Харин сүүлийн үед ихэсч байна. Ялангуяа манай аймгийн урд  талын сумд,  Өлзийт, Хулд, Луус, Гурвансайхан, Баянжаргалан суманд жин цохиулсан олон тохиолдол байна. Ажиглаад байхад жоншны уурхайтай газруудад дийлэнх байна. Тэгэхээр уурхайн олборлолт ч юм уу янз бүрийн байдлаар газрын хөрс ухагдахад гүнд байгаа хүйтэн хий дээш хөөрч, улмаар хүний биед орж  ингэж хуримтлагддаг байж  болох юм. Цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт урдаасаа хойшоо нүүх маягтай явагдаж байгаатай ч нэг талаар холбоотой байх. Энэ бол миний таамаг шүү дээ. Одоогоор би 4 мянга гаруй хүнд жин гаргах эмчилгээ хийсэн.

-Ямар зовиур илэрдэг вэ?

- Гол зовиур нь бие бүрзийгээд халуураад байгаа мэт чичрүүдэс хүрдэг,  толгой их өвддөг, ядарч сульддаг.  Жил жилд өөр хэлбэрээр илэрч байгаа нь анзаарагдаж байна. Зарим тохиолдолд гэдэс өвдөж, гүйлгээд хордлого авчихсан мэт шинж тэмдэг илэрч байна. Энэ жилийн хувьд уушигны хатгаатай адил шинж тэмдэг илэрсэн. Хатгаатай гэж эмнэлэгт хэвтээд эмчилгээний үр дүн гарахгүй нь гээд ирж байгаа хүмүүсийг үзэхэд  жин цохисон байгаа юм. Тухайн хүнээс асуумж сайн авах хэрэгтэй байдаг. Асуугаад байхад, машин доороо хэвтээд засвар хийсэн гэдэг ч юм уу, хүйтэн гражид орсон, боорцог хайрч байгаад амбаартаа гарсан гэх зэргээр заавал нэг учир шалтгаан гарч ирдэг л дээ.

Эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгэж хийлгэчихээд биеийн зовиур арилаагүй, хот явж онош тодруул гэсэн хүмүүс ч ирдэг. Зарим нь хотын эмнэлэгүүдэд шинжилгээ оношлогоо хийлгээд өвчний шалтгаан сайн тодрохгүй ирэх ч тохиолдол байна. Манай эмч нар зарим нь мэдрэлийн гаралтай гэж үзэж байна. Зарим нь зүрхний шигдээс ч гэж оношилсон тал байна. Жин цохиулахаар хүний хууч өвчнийг хөдөлгөдөг учраас ингэж оношлогдож байгаа  байх.Тухайн өвчилсөн эрхтэнд эмчилгээ хичнээн хийсэн ч жинг гаргахгүй бол төдийлөн үр дүнг өгөхгүй байгаа нь өнгөрсөн хугацаанд анзаарагдсан.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ