НҮБ-ын тусламжийг Булган, Үенч сумын малчид хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-06 09:13:30

Ховд /МОНЦАМЭ/. НҮБ–ын ХХААБайгууллагаас цаг уурын давшгүй хүндрэлийн улмаас амьжиргаа нь эрсдэлд орсон малчин өрхөд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг Ховд аймгийн Булган сумын 418 өрх, цөм сүргийн аж ахуйн нэгж 1, Үенч сумын 141 өрхөд үзүүллээ.  

Мерси Кор Монгол ОУБ-ын баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх тэргүүтэй ажлын хэсэг, сумдын Засаг даргын Тамгын газартай хамтарч НҮБ–ын ХХААБайгууллагын тусламжийг ард иргэдэд гардуулжээ.

Энэ удаа Булган, Үенч сумын 559 өрхөд олгосон тусламжид малын  тэжээл, хорголжин тэжээл, ”Зуд давсан зузаан туршлага” ном, цаг агаарын мэдээг мессежээр авах зааварчилга зэрэг багтжээ.

Харин малчин өрхөд өгч байгаа малын эрүүл мэндийн анхны тусламжийн багцад малын сүү орлох тэжээл 3 кг, загасны тос 1 л, эрдэс амин дэмийн нэмэгдэл, амин тун 1 кг, шархны тос 2 ширхэг, малын нүдний түрхлэг 2 ширхэг, хачиг, шалзны эсрэг дусаалга 0.5 л багтсан нь малчдад чухал хэрэгтэй зүйл  болсон юм.

Ийнхүү НҮБ–ын ХХААБайгууллагын тусламжийн багцыг  улсын хэмжээнд өвөлжилт хүндэрсэн 13 аймгийн 36 сумын 3500 малчин өрхийн амьжиргааг хамгаалах зорилгоор түгээсэн байна. Энэхүү тусламжийг зорилтот малчдад түгээх ажлыг Мерси Кор Монгол ОУБ хариуцан,  Ховд аймгийн Онцгой байдлын газар, Булган, Үенч сумын ЗДТГ,  багийн Засаг дарга нар, Булган суман дахь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн тасаг хамтран ажилласан байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ