“Хөгжлийн хөтөч” форум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-10 12:14:54

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг даргын Тамгын газар эдийн засгийн хөгжлийнхөө бодит байдалд тулгуурлан ирээдүйн бодлого, гарцаа тодорхойлохын тулд "Хөгжлийн хөтөч" эдийн засгийн форумыг зохион байгууллаа.

“Булган аймгийн хөгжлийн бодлого”, “Булган аймгийн бизнес, эдийн засгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хандлага” мэдээллийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, “SICA” ХХК-ийн захирал Г.Эрдэнэ нар хийж, “Хөдөө аж ахуйн хөгжил ба жижиг, дунд үйлдвэрлэл”, “Соёлын үйлдвэрлэл ба аялал жуулчлал”, “Дэд бүтэц, тээвэр, ложистик”, “Үйлдвэрлэлийн кластер ба бүсчилсэн хөгжлийн бодлого” сэдвээр салбар хуралдаан болж форумын төлөөлөгчид санал бодлоо солилцлоо.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц, ШУТИС-ийн профессор, хот төлөвлөлтийн архитектор Я.Шархүү болон ХХААХҮЯ, БОАЖЯ, ОХУ-ын Красноярск муж, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА байгууллага, Орхон аймаг, нийт сумын удирлага, бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид энэ форумд оролцсон юм.

-Булган аймгийн хөгжлийн гарцыг тодорхойлоход энэ форумын гол ач холбогдол оршиж байгаа. Эдийн засгийн хөгжлийн талаарх бодлогоо бизнес эрхлэгчдэд танилцуулж, хамтран ажиллана. Цаашдын хөгжлийн бодлого, төлөвлөлтөө хийх, хандлагаа тодорхойлоход шинжлэх ухаан, бизнесийн төлөөллийн санал бодлыг сонсоход чиглэлээ гэж аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий ярьлаа.

М.Батжаргал

Холбоотой мэдээ