Хоосонд нэвтрэхүй

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2017-04-13 03:24:59

“Алтан хальс” холбоо “Мөрөөдөгчдийн өдөр”-өөр сонгодог арт хаус киног санал болгон, толилуулдаг бөгөөд энэ удаад 21 дүгээр зууны хамгийн жигтэй киног үзэгчиддээ хүргэсэн билээ.

Тэд урлаг, соёлын нөлөө бүхий эрхмүүдийн сонгосон киног сардаа нэг удаа толилуулж буй бөгөөд энэ удаад зураач Ж.Мөнхцэцэгийн сонголтоор Гаспар Ноэгийн “Хоосонд нэвтрэхүй” бүтээлийг толилуулсан юм. 

“Хоосонд нэвтрэхүй” буюу “Enter the Void” нь найруулагч Ноэгийн тодорхойлсноор сэтгэхүйн мелодрам бөгөөд киноны үйл явдал Токиод өрнөнө. Оскар хэмээх америк эр цагдаагийн суманд өртөн амиа алдах ч хоёр ертөнцийн заагт хашигдсан сүнс нь дүү охиноо харж хандсан хэвээр байдаг. Тиймээс энэ киног товчоор “талийгаачдын сэтгэхүйн аяллын тухай” гэж тодорхойлж болох. Г.Ноэгийн англи хэлээр бичсэн анхны кино “Хоосонд нэвтрэхүй” хэмээх эл бүтээл нь 2009 оны Сижесийн кино наадмаас шилдэг зураглал, шүүгчдийн онцлох бүтээл номинацид шалгарсан бол 2010 оны Нёвшателийн кино наадмаас оны шилдэг бүтээлээр тодорсон юм.

Хоосон гэж ер нь юу юм бэ? Бидэнд төсөөлөгддөг шиг зүгээр л нэг хов хоосон цав цагаан орон зай юу? Эсвэл тас харанхуй юу? Олон хүмүүс амьдралын утга учир юу болохыг олж мэдэх гэж маргалдан хэлэлцсээр иржээ. Тэд өнгөрснөө эргэцүүлэн хараад өөрсдийн өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн боловч яагаад ийм хоосон мэдрэмж төрж байгааг, хоорондын харилцаа нь яагаад ингэж тасарсан юм бол гэж гайхдаг.

Нэгэн нэр хүндтэй бэйсболын тоглогчоос “Хэрвээ та бэйсбол тоглож эхлэхэд тань хэн нэгэн надад ийм юм хэлсэн бол зүгээр гэж бодож байна уу” гэж асуужээ. Тэрээр “Надад амжилтын оргил цэгт хүрэхэд чинь тэнд юу ч байхгүй хоосон байдаг гэж хэлсэн ч болоосой” гэж хүсч байна хэмээн хариулсан байдаг.

Энэхүү киноны нэр нь буюу “enter” гэдэг үг ижил хэмжээгээр нэвтрэх ба морилон саатах урилга хэмээн орчуулагдаж болдгоороо онцлог. Энэ бол найруулагчийн: "Үзэгч та дээшээ заларч, аниргүй, түгшүүртэй ба гоо сайхнаар дүүрэн хоосон чанарт шингэгтүн" хэмээх урилга гэж ойлгож болно. Өмнө нь найруулсан “Буцаашгүй” киногоороо томоохон шуугиан тарьсан найруулагч энэ удаад үзэгчдээ жингүйдлийн байдалд оруулж, бидний хамаг чадлаараа зууран зүүгдээд байгаа амьдрал хэмээх зүүдний бодит хоосон чанарыг харуулна.

Гаспар Ноэ хэмээгч галзуу найруулагч зүсэлт, зохиол ба найруулгын радикал хэв маягаараа бусдаасаа тод ялгардаг. Бүтээлдээ найруулагчийн "Нүдээ аниж амжаагүй үзэгчийн хохь нь" хэмээсэн заналхийллыг анхааралдаа авч болох ч "Хоосонд нэвтрэхүй" киног бэлтгэлтэйгээр үзлээ ч гайхаж, алмайралгүй үлдэнэ гэдэг  тун хэцүү. Кино эхлэхээс авахуулаад л үзэгчид гол дүрийн баатрын үхлийг ажиглаад зогсохгүй улам цаашлан эго хэмжигдэхүүнээс нь хамт дагана. Мэдээж хэрэг найруулагч уг киногоор зохиолын эх болсон “Бардын тодрол”-ыг ягчлан харуулахыг хүсээгүй.

“Бардын тодрол” хэмээх зохиолд талийгаачийн сүнс өөрийн ухамсарт шийдвэр гаргах, аль эсвэл хайр ба бодит байдлыг шинжлэн дүгнэх оюуны чадваргүй болдог хэмээсэн буй. Гэвч Ноэ уг бүтээлээрээ формалист хэв шинжтэй туршилт явуулж, кино зураглалын хувьд олон тооны сонирхолтой шийдлийг толилуулна. Зураглаач Бенуа Дэбигийн хийсэн нисэлтийн туршилт ба жингүйдэл, нүхэнд шумбах, гэрлийн эх үүсвэрт шингэх мэт олон гайхамшигтай дүр зураг бий болгосон. Энэ бүгд цөөн давтамжтай электро хөгжмийн хэмнэлд өрнөх бөгөөд байн байн гол дүрийн баатрын дурсамжуудтай хослон, DMT ба acid мансууруулагчийн бодисын нөлөөнд орох шиг сэтгэл зүйн аниргүй байдал үүсгэнэ.

Ноэ юманд их дэс дараатай ханддаг найруулагч. Хайр ба секс, амьдрал ба үхэл, хувь заяаны тохироо ба тохиолдол бүгд нэг нэгэнтэйгээ бүрэн хосолсон хорвоогийн бүхий л үйлийг өөрийн хэмжээгээр ухаарч, өөрийн өнцгөөс ажиглан, өөрийнхөөрөө харуулдаг.

Уг киноны зураглал, стилийн хувьд Гаспар Ноэд санаа хайрласан кинонууд бол Ридли Скотт найруулагчийн “Ирэн дээр дүүлэгч” ба Стэнли Кубрикийн “Сансрын Одиссей” нар юм. Үүний дунд "Жигтэй өдрүүд" киноны анхны таван минут ба "Нууран дахь хатагтай" кинонуудын зураглалын шийдэл ихэд нөлөөлсөн гэж найруулагч нэгэн ярилцлагандаа дурдсан байдаг. 

“Хоосонд нэвтрэхүй” киноны гол дүрийн жүжигчин Оскар сүнс болон хийж буй аялалд нэг цэгээс нөгөө рүү өнгө өнгийн неон гэрэл, хог новшоор дүүрсэн хотын гудамжуудаар тэнүүчилдэг нүд эрээлжлэм хөдөлгөөн, зураг авалтууд бий. Энэ нь хорвоо ертөнц эмх цэгцгүйн дунд оршин байдгийг үзэгчдэд ойлгуулах гэсэн найруулагчийн санаа. Тиймдээ ч гайхалтай үр дүнгээ өгсөн юм.

Соломон хаан бурханы тухай “Тэр хүмүүсийн зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан..." гэж хэлжээ. Зүрх сэтгэлийн гүндээ бид “Яг одоо амсч буй мэдрэмж маань бүхий л зүйл биш” гэдгийг мэдэрдэг. Яг үүнтэй адил Говийн тавдугаар Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэгэн айлдвар бий. Хоосон гэгч ертөнц. Ертөнц ч гэсэн хоосон.

Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ