ЭМДС-гаас тусламж, үйлчилгээний зардалд 23,3 тэрбум төгрөг олгоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-04-14 12:50:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын бодлогын хэрэгжилтийн газраас  хэрэгжүүлж буй ажил болон зорилтын талаар ЭМНДЕГ-ын ЭМД-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ё.Нарангэрэлтэй уулзаж ярилцлаа.

-Эрүүл мэндийн өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-гаас хариуцах болсон. Энэ нь олон хүнд төлбөрийн дарамт буурсан буянтай ажил боллоо?

-ЭМДС-гаас санхүүжих өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтын протез, ортопедийн жагсаалт болон түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох хэмжээ болон зардлыг санхүүжүүлэх, хяналт тавих журмыг тус тус батлан, мөрдөж байна. Уг зардлыг ЭМДС-гаас 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс санхүүжүүлж эхэлсэн.

Тусламж үйлчилгээг 2015 онд УНТЭ, УХТЭ, УГТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ-д тус тус үзүүлсэн. Мөн 2016 оноос ХСҮТ нэмэгдсэн. Төрийн өмчийн энэ зургаан байгууллагатай хамтран ажилласнаар 2015 онд 2046 хүнд 3,3 тэрбум, 2016 онд 11365 хүнд 15,6 тэрбум, 2017 оны 3 сарын 9-ны байдлаар 2913 хүнд 4,4  тэрбум төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг ЭМДС-гаас тус тус олгоод байна.

Даатгуулагчдын эрэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэн тэдэнд өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр сонгон шалгаруулалтанд тэнцсэн 12 хувийн хэвшлийн эмнэлэгтэй 2017 онд гэрээ байгуулан, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хийж байна. Ингэснээр иргэн хувийн эмнэлгээр үйлчлүүлэхэд ЭМД-аас хөнгөлөх зардлын хэмжээг нэмэгдүүлж, иргэнд учрах төлбөрийн дарамт буурах юм.

-Энэ тогтоол журмыг хэрэгжүүлэх явцад эргэж харах асуудал тулгарч байна уу?        

-Хувийн хэвшлийн эмнэлгүүд эмнэлгийн хэрэгсэл, протезийн худалдан авалт зохион байгуулах эрх бүхий этгээд биш, ЭМБ-ын зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийг худалдан авсан үнэ нь ЭМДС-гаас хөнгөлөх хэмжээнээс  хэт доогуур байх зэрэг зохицуулах асуудал гарч байгаа. Уг асуудлыг шийдвэрлэх санал боловсруулсан учраас цаашид хэрхэн зохицуулах арга хэмжээг авч байна.
 
-ЭМДС-гаас элэгний С вирусийн эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийн талаар сонирхуулна уу?

-Элэгний С вирусийн халдвар, түүний шалтгаан элэгний архаг үрэвсэл, хатуурал, хавдрын өвчлөл зэрэг нь манай улсын хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон. Иймд Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нийгмийн бодлогод “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгаж Засгийн газраас баталлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд ЭМДС-гаас элэгний С вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлт зардлын төсвийг 23,4 тэрбум төгрөгөөр баталсан. Элэгний С вирусын эсрэг эмийн үнийг хайрцаг тутамд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна. Монгол Улсын эмийн бүртгэлд элэгний С вирусийг эмчлэх Харвони, Хепсинат-ЛП,  Ледифос, Вирпас, Ледвир гэсэн таван төрлийн эм бүртгэгдэн худалдаалж байна.

Эдгээр эмийг импортлогч “Моносфармтрейд” ХХК, “Азифарм” ХХК, “Омбол” ХХК, “Монгол Эм Импекс Концерн” гэсэн 4 байгууллагатай хамтран иргэд, даатгуулагчдад эмийн үнийн буцаан олголт болон хөнгөлөлтийг үзүүлж байгаа. Төсөв батлагдсан 2016 оны сүүлийн 3 сар гаруй хугацаанд 7287 хайрцаг эмийн буцаан олголт 1,5 тэрбум төгрөг, 2017 оны эхний 2 сар хагаст эмийн үнийн хөнгөлөлтөд нийт 2624 даатгуулагчдад 6612 хайрцаг эмийн 1, 4 тэрбум төгрөг тус тус олгоод байна.

-Элэгний С вирусийн оношилгоо, шинжилгээний зардлыг хөнгөлөх талаар ЭМДС-гаас ямар ажил хийж байна?

-2017 оноос элэгний С вирусийн оношилгоо, шинжилгээ хийлгэх даатгуулагчийн зардлын төлбөрийн тодорхой хэмжээг ЭМДС-гаас хариуцахаар  тооцоо судалгааг гаргасан.  Тус сангийн 2017 оны төсөвт элэгний С вирусийн оношилгоо, шинжилгээний зардалд 4,9 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан. Элэгний С вирусын идэвхжлийн тооцоо, шинжилгээг уг сангийн хөнгөлөлттэй үзүүлэх хувийн хэвшлийн лабораториудыг сонгон шалгаруулах зайлшгүй шаардлагаар “Тусламж, үйлчилгээ үзүүлэх ЭМБ-ыг сонгон шалгаруулах журамд” өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НДҮЗ-д хүргүүлээд байна.

-Томуу, томуу төстөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх эмийн үнэд ЭМДС-гаас ямар хөнгөлөлт үзүүлэв?

-Улсын хэмжээнд  бага насны хүүхдүүдэд томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой 5 хүртэлх насны хүүхэд ууж хэрэглэх эмийн үнэд хөнгөлөлт үзүүлж байгаа. Тухайлбал, нэн шаардлагатай 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд ЭМДС-гаас 100 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд ЭМД-ын гэрээ бүхий 808 эмийн сантай хамтран, даатгуулагчдад хүргэж байна. Тус сангийн эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг 1,5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, 107 мянган хүүхдэд 860,4 сая төгрөгийн эмийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн. Иймд уг ажил үр дүнтэй болсон гэж үзэж байна.

-Гемодиализын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрлийг хэдэн хувийн эмнэлэгт олгоод байна

-Гемодиализ эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2016 оны тогтоол болон ЭМД-ын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг ЭМД-ын байгууллагаар дамжуулан худалдан авах” гэж заасны дагуу гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй  Люкс диализ, Интермед, УБ мед, Эрин, Интенсивкаре ХХК-ий ICU гэсэн таван хувийн байгууллагатай гэрээ байгуулж энэ оны 2 дугаар сарын15-наас тусламж, үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Одоогоор 70 гаруй хүнд энэ төрлийн тусламж үйлчилгээг тус байгуулагууд үзүүлээд байгаа. Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгахаар судалгаа тооцоог гаргаж, түншлэлийн хүрээнд анх удаа төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажлыг санаачлан, ийнхүү гемодиализ эмчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүлэх боллоо.

-Нэг гэр бүлийн гишүүний даатгуулагчийн зардлыг шилжүүлж ашиглах боломжтой болсон талаар сонирхуулна уу

-НДҮЗ-ийн 2015 оны тогтоолоор  даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын ЭМДС-гаас төлөх зардлын дээд хязгаарыг хоёр сая төгрөгөөр шинэчлэн тогтоож, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж байна. Мөн тус сангийн орлогын ихэнх хувийг бүрдүүлж, зардалд бага хувийг эзэлдэг, шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагчийн хувьд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрсөнөөр түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцох боломжтой боллоо. Энэ тухай “Гэр бүлийн гишүүн-даатгуулагчийн зардлыг шилжүүлэн тооцох журам” 2016 онд батлагдсан. Энэхүү үйлчилгээ нь эрүүл мэндийн улмаас гэр бүл, иргэдэд үүсэх санхүүгийн эрсдэлийг хуваалцаж, ЭМД-аас хөнгөлөх зардлын хэмжээг нэмэгдүүлж байгаа үр дүнтэй ажил болсон.
 
Д.Өлзий
Холбоотой мэдээ