Францын ерөнхийлөгчийн сонгуулийн II шатанд Макрон, Ле Пен нар тунаж үлдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-24 08:11:53
ПАРИС. /France 2/. Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Эммануэль Макрон, Марин Ле Пен нар тунаж үлдлээ. Сонгуулийн II  шат ирэх сарын 7-нд болно.

Төвийг сахигч, бие даан нэр дэвшигч Макрон нь тус улсын Эдийн засгийн сайдаар ажиллаж байсан бол Ле Пен нь хэт барууны үзэлтнүүдийн "Үндэсний фронт" намын дарга юм.

Ням гарагт сонгуулийн эхний шат дууссаны дараа саналын хуудсуудыг тоолж эхэлсэн байна.

Францын ДХЯ-ны мэдэгдсэнээр, саналын хуудасны 77 хувийг тоолсны дараах байдлаар Макрон 6.93 сая санал авсан бол Ле Пен 6.86 сая санал авчээ.

Барууны төвч үзэлт Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн, Ерөнхий сайд асан Франсуа Фийон 5.9 сая санал авсан бол Зүүний намын дарга асан Жан-Люком Меленхоном 5.65 сая санал авсан аж.

Э.Макрон хэлэхдээ "Европын Холбооны дүрэм журмыг дагаж, бичиг баримттай цагаачдыг хүлээж авна" гэж амлалаа.

Харин ЕХ-нд шүүмжлэлттэй ханддаг Ле Пен Францыг нэгдүгээрт тавина гэж амлаж байна.

ЕХ болон хууль бус цагаачдын асуудал хоёр дахь шатны сонгуулийн гол сэдэв байх төлөвтэй байна.

Ф. Фийон, Социалист намаас нэр дэвшсэн Бенуа Хамон нар ялагдлаа хүлээн зөвшөөрч, Макроны төлөө саналаа өгөхийг дэмжигчдэдээ уриалжээ.
Г.Доржханд
 
 

Холбоотой мэдээ