Орхон аймгийн Баян-Өндөр сумын зарим багийг хуваах санал гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-24 13:09:23
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлэх талаар туссан. Үүний дагуу дээрх хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж ирэх 4 жил хийхээр төлөвлөсөн ажлаа  Засаг даргын зөвлөлд танилцууллаа. Орхон аймагт шилжин суурьших, шинээр төрөх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж буй. Энэ нь Баян-Өндөр сумын багуудад оршин суух иргэдийн тоо улсын дундаж үзүүлэлтээс хэд дахин өндөр байхад нөлөөлж байгаа юм.
Тодруулбал, улсын хэмжээнд засаг захиргааны нэг нэгжид дунджаар 554 өрх, 1985 хүн оногддог бол Орхон аймагт энэ үзүүлэлт 2.1 дахин их байгаа юм. Энэ нь засаг захиргааны анхан шатны нэгжээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлнө гэж Засаг даргын зөвлөлийн зарим гишүүн үзсэн юм. Тиймээс багуудыг хуваах замаар шинээр баг байгуулах боломжтой эсэхийг лавлахад, АЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд,  “Багуудыг хуваах шаардлагатай гэж үзвэл Баян-Өндөр сумын ЗДТГ, ИТХ-аас нь саналаа гаргах хэрэгтэй. Энэ тохиолдолд багуудыг хуваах боломж нь нээлттэй. Хамгийн олон хүн амтай баг бол Согоот, Хүрэнбулаг, Баянцагаан, Уурхайчин, Яргуйт, Дэнж, Эрдэнэ. Энэ багуудыг л хуваах асуудал яригдах байх” гэсэн юм. Ийнхүү Засаг даргын зөвлөлийн гишүүд “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн төсөлтэй танилцсанаар АИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр боллоо. 
 Б.Оюун-Эрдэнэ
Холбоотой мэдээ