Аялал жуулчлалын хөтөчийг англи хэлээр хэвлэн гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-26 21:56:47
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр аялах маршрут, байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын газрууд, эвент үйл ажиллагааны талаар мэдээлэл багтаасан жуулчдад зориулсан хөтөчийг аймгийн ЗДТГ, БОАЖ- ын газар хамтран англи хэлээр хэвлэж гаргалаа.
Дундговь аймаг “Эртний түүхэнд мөртэй үзэсгэлэнт Дундговьд зочлоорой” хэмээх аялал жуулчлалын маршрутыг 2003 онд баталсан. Энэ маршрутад, тухайлбал,  Сайхан- Овоо сумын Онгийн хийд, Адаацаг сумын Бага газрын чулуу, Өлзийт сумын  Цагаан суварга,Өөш манхан, Гурвансайхан сумын Их газрын чулууны байгалийн цогцолборт газар зэрэг Дундговь аймгийн нутагт гол зочлон сонирхох газруудыг багтаасан хэд хэдэн замыг тодорхойлж өгсөн байдаг.
Жуулчдад зориулсан хөтөчийг дэлгэмэл байдлаар хэвлэсэн бөгөөд аялалын маршрут бүхий газрын зурагны ар талд дээрхи газрууд болон эвент үйл ажиллагааны танилцуулга, гэрэл зургийг хэвлэсэн байна. Энэ бол жуулчдад зориулан гаргаж байгаа анхны хөтөч болжээ.
Аялал жуулчлалын салбар бол Дундговь аймгийн хувьд эдийн засгаа өсгөх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэлээ дагалдуулан хөгжүүлэх чухал салбар гэж үзэж аймгийн Засаг даргын 2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хэд хэдэн ажлыг  төлөвлөсөн байна. Аялал жуулчлалын хөтөч ном, маршрутыг хэвлэх нь тэдгээрийн нэг нь бөгөөд энэ оны аялал жуулчлалын улирал эхлэхтэй зэрэгцэн ийнхүү хэвлэн түгээж эхэлжээ.
 
Т. Отгонтуяа 
 
Холбоотой мэдээ