“Газар таны өмч” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-27 08:12:03
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Газар таны өмч” аяныг хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болох учраас жилийн өмнөөс иргэнд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэхээр аян зарлажээ.
Хуучин эзэмшиж байсан хашааны газрыг нь 80 хувьд хүртэл өмчлүүлэх, газрын харилцаа, улсын бүртгэлийн байгууллага хамтран газрыг баталгаажуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм байна.
Тус аймагт 2016 онд 2329 иргэнд 245,19 га газрын өмчлүүлэхээр төлөвлөсөн ч 41 хувьтай байжээ. Аймгийн хүн амын 21,8 хувь нь газар өмчилж авсан аж.
2016 оны хувьд сонгуулийн жил байсан учраас сумын удирдлагууд газар өмчлөлийн ажилд хайхрамжгүй хандах, төлөвлөлтийн газруудад нэгдсэн журмаар шан татах, тэмдэгжүүлэх ажлыг хийгээгүйгээс иргэдэд олгосон газар нь хашаа шон байхгүй кадастрын зураглал хийгдээгүйн улмаас сумын Засаг даргын шийдвэр гараагүй гэнэ.
Булган аймгийн хэмжээнд 15 сумын 16 байршилд 1606,55 га газарт иргэнд газар өмчлүүлэх бололмжтой газрын нөөц, хэмжээ, байршлыг тогтоон газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа гаргасан боловч дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаагаас иргэд газар авч суурьших боломжгүй байна. Иргэд төвлөрсөн зах зээлд ойролцоо амьдрах боломжтой, амжиргааны эх үүсвэртэй газар газар өмчилж авах хүсэлтэй учир газар өмчлүүлэх ажил удаашралтай байна гэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрынхан дүгнэж байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ