Хүүхдийн эрх, хамгааллын тухай хуулинд 24478 санал ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-26 15:14:18

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Төрийн ордонд "Хүүхдийн эрхийн ногоон карт" аяны талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “УИХ-аар Хүүхдийн эрх, Хүүхдийн хамгааллын тухай хуулийг  хэлэлцэж байгаа ба дээрх хуулиудын төсөлд олон нийтийн санал авах зорилгоор Хүүхдийн эрхийн төлөө ногоон карт аяныг зургадугаар сарын 11-нээс аравдугаар сарын 25-ны хооронд улс орон даяар өрнүүллээ. Тус хуулинд нийт 24478 санал ирсэн байна. Ийм олон санал өмнө нь УИХ-д ирж байгаагүй. Тэгэхээр иргэд, төрийн байгууллагууд хүүхэд хамгаалалд ямар их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна. Нийт 21 аймаг, 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хэлтэс, төрийн бус байгууллагууд хамтарч ажилласан. Нийт саналын 35,3 хувь нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөлд, 64,7 хувь нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд саналаа ирүүлсэн байна” гэлээ.

ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, “Хүүхдүүд өөрсдөө энэ аянд оролцсоноор онцлог. Нэлээдгүй хувьд нь хүүхдүүд саналаа өгсөн байна.  Ерөнхийд нь хэд хэдэн багцад хувааж авч үзэж болно. Тухайлбал, хүүхдийн талаар үүрэг хүлээгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог чадавхжуулах багц орж ирж байна. Хүүхдийн эрхийн байцаагчийг ажиллуулах, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын ажилчдын хариуцлагыг сайжруулах, мөн тэдгээрийн нийгмийн хамгааллын асуудал, хүүхдийн хамгааллын үйлчилгээг хүүхэд нэг бүрт хүргэх асуудал нэлээдгүй туссан. Хүүхдийн байгууллагын үйл ажиллагааны санхүүжилтийн асуудал ч орж байгаа юм. Энэ олон саналууд хуулийн төсөлд тодорхой хмжээгээр суух байх гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

 

Б.Туул

Холбоотой мэдээ