Хятад улс Европын Холбоотой хамтран Саран дээр тосгон барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-05-04 10:09:24
 
ЛОНДОН./BBC/. Хятад улс Европын сансрын агентлагтай /ESА/ хамтран Саран дээр хүн амьдрахад тохиромжтой бааз байгуулах гэж байгаа ажээ. Энэ асуудлаарх хэлэлцээ эхэлсэн тухай Хятадын Үндэсний сансар судлалын удирдах газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Тян Юлун сэтгүүлчдэд мэдээлжээ. Лхагва гарагт уг мэдээллийг Европын түншүүд нь баталсан байна.

“Хятадууд туйлын их амбицтай сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Сансрын судалгаа өнгөрсөн зууны 60-аад оноос хойш өөрчлөгдсөн, тийм болохоор олон улс хамтран ажиллах нь зүйтэй бид ойлгож байгаа” гэж ESA-ийн төлөөлөгч Пол Хвистендаль ярьжээ.

Европын сансрын агентлагийн Ерөнхий захирал Йоган Дитрих Вёрнер мэдэгдэхдээ, Дэлхийн дагуул гараг дээр барих гэж буй “Сарны суурин” нь Ангараг гараг руу ирээдүйд нисэхэд зориулагдсан бааз болох төдийгүй Сарны аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, тэр ч бүү хэл Саран дээр ашигт малтмал олборлох эхний алхам болж магадгүй гэж үзэж байгаагаа хэллээ.

Энэ оны сүүлчээр Хятад улс Сарны хөрснөөс дээж авахаар сансрын хөлгөө илгээхээр төлөвлөж байгаа ба 2017 гэхэд Сарны ар тал руу анх удаа сансрын хөлгөө илгээх зорилт тавьжээ.

Харин Европын сансрын агентлаг энэ онд Хятадын сансрын “Чаньэ-5” аппаратын авчирсан Сарны шорооны дээжинд шинжилгээг хийхээр төлөвлөж байгаа аж. 

Сарны аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж буй Хятад, ESА хоёрт өрсөлдөгч байгаа бөгөөд тэр нь АНУ-ын SpaceX сансар судлалын компани юм. Тус компани 2018 оны сүүлчээр эхний хоёр жуулчнаа Сарыг тойрон нисэх аялалд явуулахаар төлөвлөж байгаа ба жуулчид тасалбараа аль хэдийн худалдаад авчихсан гэнэ. Тасалбарын үнийг нууцалж байгаа боловч тэд сансарт нисэхийн тулд хэдэн зуун сая доллар төлсөн бололтой.

Хэрвээ уг нислэг амжилттай болбол энэ нь 45 жилийн хугацаанд хүн анх удаа дэлхийн тойрог замаас гарсан үйл явдал болох юм.

О.Барс 




 
Холбоотой мэдээ